Уучлалт гуйна байх VS Хэнээс ч уучлалт гуйхгүй

dbd1ff193df9a59d0a056f7471b5388c

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. 

 УИХ-ын гишүүн, төрийн түшээ хүн наад захын харилцааны ёс зүйгүй авирлаж, сонгогчдоо доромжилсон хэмээн үзэж эгдүүцэж байгаагаа цахим орчинд илэрхийлцгээв.

Тэгвэл УИХ-ын гишүүн ёс зүйн алдаа гаргасан бол ямар хариуцлага хүлээх талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн дараах тайлбарыг өгсөн юм. 

Тэрбээр “Яг одоогийн байдлаар Ёс зүйн дэд хороонд гомдол ирээгүй байна. Гомдол ирээгүй тохиолдолд уг асуудлыг хэлэлцэх боломжгүй. Хэдийгээр гомдол ирээгүй ч гэсэн үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад олон түмнээсээ уучлалт гуйвал Ёс зүйн дэд хороогоор орохгүй байх дүрмийн зохицуулалт байдаг. Одоо М.Нарантуяа-Нара уужирч байгаа болов уу, уур бухимдал нь гарч байгаа болов уу, өөрийнхөө хэлсэн бүдүүлэг үг хэллэгээ засаж залруулж, олон нийтээс уучлалт гуйх болов уу гэж бодож байна. 

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд “Тухайн гишүүн хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор уучлалт гуйвал, ёс зүйн хурлаар орохгүй” гэж заасан байдаг. 

Төрийн түшээ хүн   өөрийн энэ үйлдлээ ухамсарлаж, ухаарах болов уу гэж найдаж байна. Бид М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбогдох гэж залгаж, мессеж бичсэн. Одоогоор холбогдож чадаагүй байна” гэх мэдээллийг өгсөн.

Үүний хариуд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн намайг уужраад, уур нь гарахаараа уучлалт гуйх байх гэжээ. Би маш тайван байгаа. Би хэнээс ч уучлалт гуйхгүй. Уучлалт гуйх юуг ч буруу хийгээгүй. Гэрт минь хулгайч ороход, нэмээд троллууд намайг доромжлоход би уучлалт гуйх юм уу. Үгүй. 

Одоо ёс зүй ярьж байгаа хүмүүс өмнөх парламентад байсан эрэгтэй гишүүдээс хэнээс нь ёс зүй шаардаж байсан юм бэ. Дахин хэлье. Би хэнээс ч уучлалт гуйхгүй” хэмээн мэдэгдэв. 

УИХ-ын Ёс зүйн дэд хороонд тухайн гишүүнтэй холбоотой гомдол ирээгүй бол хэлэлцэх боломжгүй. Одоогоор ямар ч гомдол ирээгүй байгаа талаар Б.Хэрлэн хэлсэн. Тэгвэл өнөөдрөөс иргэдийн төлөөллүүд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад гомдол гаргахаа илэрхийлээд буй юм.

About Author