Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-аас Монголд ирэх завгүй байгаа гэнэ
Эх сурвалж: Zanadia.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-д Стэнфордын их сургуульд урилгаар оюутнуудад багшилж байгаа аж. Тэрбээр саяхан цахимаар хэсэг хүнтэй ярилцжээ. Энэ ярилцлагынхаа үеэр “Намайг Ерөнхийлөгчөөс буусны дараа таван жил шалгасан шүү дээ. Түүнээс ч өмнө Ерөнхийлөгч байхад сүүлийн нэг жилээс хэл ам дагаж эхэлсэн. Тэгээд буусны дараа би “гэрийн хорио”-нд маягтай, хилийн хоригтой таван жилийн турш шалгуулж байсан. Эцэст нь Прокуророос “Үүссэн хэргийг хаасан” гэх утгатай бичиг ирж, тэр үеэр ирсэн урилгынхаа дагуу ажил хийхээр явсан. Хөдөлмөрийн гэрээтэй, цалинтай, зөвлөх хийж байгаа. Зугатаагаад явчихсан юм биш. Эх орондоо эргэж очиж чадахгүй айгаад яваа юм биш. Хэзээ ч очсон болно. Гагцхүү ажил амжихгүй, завгүй байгаа” гэж хэлсэн байна.