Аавын хүүг алаг үзэх хэрэггүй, адилхан намаасаа хөөнө үү?

20260227-ORG_1495-810x500

Эх сурвалж: Nnews.mn

МАН-ын Бага хурал халуухан, ширүүхэн болж байна. МАН-ын дарга Н.Учрал “Прокурорын байгууллагаас яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн үндэслэлээр Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгдэв.

МАН-ын дүрэмд зааснаар Хяналтын ерөнхий хороо нь дээрх саналыг хэлэлцэж, шийдвэрээ гаргана.

Нэгэнтээ МАН-ын дарга нь санал гаргасан тул өршөөл байхгүй, нэр нь дурдагдсан гишүүд намаасаа хөөгдөх нь тодорхой болж байна.

Намаасаа хөөгдөх тушаал уншуулаад байгаа дээрх нэр бүхий гишүүд Бага хуралдаа ирээгүй нь эртнээс мэдээллийг авсан болж таарч буй. Харин тэдний орыг нүүрсний хэрэгт нэр холбогдон, яллагдагчаар татагдан, хил дамнан эрэн сурвалжлагдах шахам явсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эзэлж, Бага хуралд оролцсон нь МАН цэгцрэх яагаа ч үгүйг харуулсан үйл явдал боллоо гэж хэлж болно.

Нөгөөтэйгүүр, МАН-ын дарга Н.Учрал яллагчдаар татагдсан гишүүдээ яагаад адилхан намаас хөөх санал гаргасангүй, бусдыг нь хаацайлж үлдэв гэдэг асуултыг үлдээгээд байна.

Учир нь, авлигын хэргээр саатуулагдаж, яллагдагчаар татагдсан “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн, зодооны хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар хэний талынх болоод сугалж үлдээв.

Ардын намын даргын гишүүнээ алаг үзсэн улс төр нь эцэстээ  энэ намд хэний бүлэглэл фракцид хамаардгаасаа болж, сахилга хариуцлага өөр, өөрөөр үйлчилж эхлэв үү гэх асуудал хөндөхөд хүргээд байна. Нөгөө талдаа МАН-ын даргын шударга ёсны хэмжүүр нь Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, П.Сайнзориг нар дээр “уналаа” гэж хэлж ч болно.

Мөн прокуророос яллагдагчаар татсан Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, П.Сайнзориг нарт МАН-ын дүрэм үйлчилсэнгүй.

Уг нь авлигад идэгдсэн улстөрчдөдөө намаас нь хариуцлага тооцох зүрх зориг байж гэмээнэ Монгол төрийг идэж байгаа авлигыг зогсооно, улсаа идэж, тонож байгаа авлигачид, дээрэмчдийн үйлдэл зогсоно.

Нөгөө талдаа, энэ удаагийн Бага хурлаар сайд нарт хариуцлага тооцохгүй толгойг нь илж өнгөрөх нь Ардын нам наанадаж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, цаанадаж 2028 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулиар том ялагдал хүлээх шалтгаан болохоор байна.

Засгийн газрын тэргүүн эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан тухай мэдээллийг хийж, танхимын ажлаа хамгаалсан ч төрийн өмчит компаниуд дээр явагддаг хэдэн зуун тэрбумын хулгай, луйвар нь цэгцрэх яагаа ч үгүй, сайд нар нь түүнийгээ үхэн хатан хамгаалж байгааг “Эрчист Монгол” ХХК-ийн захирал Г.Амартүвшин өнөөдөр цухас дурдлаа.

Энэ талаар тэрбээр “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, мөн эрх мэдлийн нөлөөллөө алдсан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны зарим гишүүд миний ажлаас түдгэлзэх шийдвэрт нөлөөлсөн .

Бид төмөр замын төсвөөс 26.7 тэрбум төгрөгийг хассан. Тухайн төсөв нь өвлийн улиралд шороон зам услах нэрээр зардалд тусгагдсан байсан. Ер нь сайд нарын тойргийн санхүүжилтэд чиглэсэн шинжтэй, үр ашиггүй зардлууд байсныг бид эсэргүүцэж, өөрчлөлт оруулсан.

Төрийн өмчийн хорооны хяналтын менежерүүдийн тогтолцоо үр ашиггүй болсон. Тэд бодит хариуцлага, бодит нөлөө үзүүлэхгүй атлаа удирдлагын түвшинд улс төрийн нөлөөллийн суваг болж байна. Иймд энэ бүтцийг цэгцэлж, мэргэжлийн, хараат бус хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Мөн төрийн өмчит компанийн ТУЗ-ийг жинхэнэ утгаар нь хараат бус болгох хэрэгтэй. ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхийг гаднаас, мэргэжлийн, туршлагатай хүмүүсээс бүрдүүлэх ёстой. Тэгж байж засаглал зөв чиглэлд ажиллана. Харин утсан хүүхэлдэйнүүдийн томилгоо үргэлжилбэл төрийн өмчит компаниудын үр ашиг, сахилга бат, хариуцлага сайжрахгүй. Реформ хийхийн тулд улс төрийн нөлөөллөөс салж, ил тод, мэргэжлийн, тогтвортой засаглалын тогтолцоог бий болгох нь хамгийн чухал шинэчлэл юм. Үүнээс эхлэхгүй бол жинхэнэ өөрчлөлт хийгдэхгүй” гэж мэдэгдлээ.

Төрийн өмчит компаниуд дээрх үр ашиггүй зардлыг цэгцлэх гэхээр хэн гэдэг улстөрч хамгийн их эсэргүүцэж, улдан чангааж ирснийг дээрх ярианаас нь харж болно.

Дээр нь төрийн өмчит компаниудыг энэ Засгийн газар цэгцэлж чадахгүй нь тодорхой болж байна. Гэвч хариуцлага яригдахгүй, хаацайлаад л өнгөрөх нь.

About Author