Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэй овооны алдагдсан ордуудаа буцаан авлаа

20260227-ORG_1537-810x500

Эх сурвалж: Nnews.mn

МАН-ын II Бага хурал өнөөдөр /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. 


Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь

14 : 19

2026-2-27

МАН-ын Бага хурал завсарлав

МАН-ын Бага хурал хаалттай горимоор үргэлжилж байгаад завсарлалаа. Бага хурал 15:00 цагаас үргэлжлэх юм байна. Үдээс хойш үргэлжлэх Бага хурлаар МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын тавьсан илтгэлтэй холбогдуулж, гишүүдээс санал хүсэлт авч, тогтоол батлах юм. Мөн 11 Бодлогын хороо хэлэлцүүлэг хийх болжээ. 

13 : 07

2026-2-27

Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэй овооны алдагдсан ордуудаа буцаан авлаа

МАН-ын Бага хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэл тавилаа. Энэ үеэрээ байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүргэх чиглэлд Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаар дараах танилцуулгыг хийлээ. 

Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР:

-Байгалийн баялаг бол хэсэг бүлгийн өмч биш, нийт ард түмний дундаа өмчлөх үнэт зүйл мөн. Тиймээс стратегийн томоохон ордуудын өгөөжийг Үндэсний Баялгийн Сан-д төвлөрүүлж, уг сангаар дамжуулан баялгийн тэгш, шударга хуваарилалтын тогтолцоог бэхжүүлнэ.

Баялгийн хулгайтай тэмцэх “Цэгцрэх хөдөлгөөн”-ий бодит үр дүнд “Эрдэнэс Монгол” нэгдлээс Хуримтлалын санд төвлөрүүлсэн орлого 912 тэрбум төгрөгт хүрч, баялагтаа эзэн байх иргэдийн эрх бодитоор хангагдаж эхэллээ.

Цаашид бид стратегийн ач холбогдол бүхий бүх ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, үр өгөөжийг УИХ-аар эцэслэн шийдвэрлүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэн бүрдээ тэгш хуваарилах бодлогыг тууштай баримтлах болно.

Төгрөг нуур, Төмөртэйн овооны алдагдсан орд газруудаа буцаан авлаа. Эрдэнэт үйлдвэрийг дахиад 100 жил ашиглах, 357 сая тонн нөөцтэй “Оюут” ордыг нээв. Өмнийн цэнхэр говьд орших Оюутолгой орд газраас ард түмэндээ хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагч Рио тинто компанитай хэлэлцээр хийж, эхний ээлжинд зээлийн хүүг бууруулж чадлаа. Дараагийн хэлэлцээрээр монголын талд хүртэх хувийг 53-д хүргэхээр зорьж байна. 

Мөн Ухаахудаг, Нарийнсухайт, Барууннаран, мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төслүүдийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд төр, хувийн хэвшлийн талууд гарын үсэг зурлаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлал үзүүлж, харилцан ойлголцож, хамтын шийдэлд хүрэхэд идэвхтэй оролцсон хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлье.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол улс орны тогтвортой хөгжлийн гол тулгуур юм.Энэ бол нэг удаагийн шийдвэр биш. Энэ бол Монголын баялаг Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж, ажлын байр бий болгодог, иргэн бүрд өгөөж нь шударгаар хүрдэг тогтолцоог бий болгох урт хугацааны бодлогын эхлэл юм.

Бид баялгаа зөв удирдаж чадвал Монгол Улс зөвхөн баялагтай орон биш, баялгаа иргэддээ шударгаар хүртээдэг улс болно гэлээ. 

12 : 44

2026-2-27

Б.Энхбаяр: Т.Аюурсайхан маргааш шоронгоос суллагдана

МАН-ын Бага хуралд оролцож байгаа УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Т.Аюурсайхан маргааш суллагдана, 2.6 жилээр хоригдох хугацаа нь маргааш дуусаж байна” гэлээ.

Нүүрсний хэрэгт холбогдуулж, МАН-ын нэр бүхий хэд, хэдэн албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж, улмаар шүүхээс ял оноож байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханд 3 жилийн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5.9 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оноосон. Харин тэд давж заалдсанаар ялаа хөнгөрүүлсэн. Ингэснээр Т.Аюурсайхан маргааш шоронгоос суллагдах бол араас нь Б.Ганхуяг мөн суллагдах болж байна. 

11 : 59

2026-2-27

Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх санал гаргав

МАН-ын Бага хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал үг хэлэх үеэрээ “УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, “Үнэн” сонины эрхлэгч асан А.Амундра, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй” гэж мэдэгдлээ.

Энэ талаар тэрбээр “Авлига бол бүх монгол хүн бүрийн аваагүй цалин, идээгүй талх, эдлээгүй боломж, биелээгүй мөрөөдөл, бүгдээрээ өртсөн хохирол юм. Ард түмнээс эхтэй ардчилсан төр, ирээдүйгээ хээл хахуулийн гав гинжнээс чөлөөлөхөд ухрах эрх үгүй. Авлига дугуй засварчнаас нэхдэг галын дүгнэлтээс эхлээд салбар бүрд шат бүхэнд идээ бээр нь бугшсан нийгмийн хорт хавдар болжээ.

Авлига Монголыг идэж байна. Авлига ардын намыг идэж байна. Авлигын эсрэг олон хууль, тогтоол батлан гаргаж байгаа ч хүссэн үр дүнд хүрэхгүй байна.

Авлига тогтвортой өсөлтийг сааруулж, хөрөнгө оруулалтыг үргээж, баян хоосны ялгааг хөөрөгдөж, ядуурлын эгнээг тэлж, тэгш бус байдлын ангал гүнзгийрэх үндэс шалтгаан болсоор байна.

Танилын нүүр халуун хэдий боловч Та бидний эх орон, иргэн бүрийн булаагдсан ирээдүй, эрх чөлөө  илүү хайран байна. Хүн чанар, ёс жудгаа авлигачдад гаргах уу, ард түмэндээ зориулах уу? гэдэг сонголтын өмнө Та бид ирлээ. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

1-рт, Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,

Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна.

Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя.

Улс төрийн нам шүүх биш боловч ёс зүйн өндөрлөгтэй, сахих дүрэм журамтай, сахилга хариуцлагын өндөр босготой байх учиртай.

Улс төрийн нам алдаа дутагдал, буруу буртгаас өөрийгөө чөлөөлөх чадвартай, улс төрийн зориг зүрхтэй, эрх чөлөөг иргэндээ бүрэн дүүрэн эдлүүлэх үнэт зүйлдээ үнэнч байх ёстой.

Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл биш. Эрх чөлөө бол хүн бүрийн эрхэмлэн хамгаалж, тэмцэн олдог эрхэм нандин үнэт зүйл юм. Эрх чөлөөний зам бол иргэн төрийн итгэлцлийн зам юм.

11 : 12

2026-2-27

МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурлын II хуралдан дөнгөж сая эхэллээ. МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг танилцууллаа. Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар долоон асуудал хэлэлцэнэ. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Дараа нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулах юм байна. 

ORG_1326

ORG_1362

ORG_1333

11 : 09

2026-2-27

Х.Ганхуяг: Жагсаалтын гишүүнийг иргэдийн саналаар сонгодог болох шаардлага байна

УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-Бага хурлаар хариуцлага алдсан сайд нарын асуудлыг хэлэлцэх мэдээлэл байна. Танд тодорхой мэдээлэл байна уу? 

-Энэ удаагийн Бага хурлаар сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх эсэхийг мэдэхгүй байна. УИХ-ын сонгуулиас хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Ирэх 2028 оны сонгууль болоход хоёр жилийн хугацаа  үлджээ. Улс төрийн нам, эрх барьж байгаа намын хувьд мөрийн хөтөлбөрөө дүгнэхээс гадна үлдсэн хугацаанд ямар ажлууд дээр илүү төвлөрч ажиллах талаар намын дарга болон намын удирдлагаас нэгдсэн мэдээлэл өгнө.  

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байна вэ? 

-УИХ-д жагсаалтаар орж ирсэн гишүүдийн асуудал болов уу гэж харж байгаа. Үлгэр жишээ болгон ярьдаг Аргентин улс өнгөрсөн жилээс жагсаалтын гишүүнгүй болж, бүгд тойргоос сонгогдох болсон. Намын жагсаалтаар биш иргэдийн шүүлтүүрээр нэр дэвшигчийг оруулах нь чухал. Жагсаалтаар орсон УИХ-ын гишүүнийг иргэд сонгох, дугуйлах боломжийг олгохгүй бол харанхуй жагсааж оруулж ирдэг энэ үйлдлийг халах ёстой юм шиг. Аль нэг даргын хүн, олон жил улс төрд явсан гэхээс илүүтэй иргэдийн шалгуураар санал авч сонгогдох хэрэгтэй. Жагсаалтын гишүүдийг иргэд сонгодог байх ёстой. 

11 : 06

2026-2-27

Э.Бат-Амгалан: Нийслэлийн МАН-ын дарга болох санал ирвэл болно

МАН-ын Бага хуралд оролцохоор ирсэн УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн үнэн үү?

-АТГ-аас намайг шалгаж байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаас харсан. Өнөөдрийн байдлаар намайг АТГ-аас дуудсан, мэдүүлэг авсан асуудал байхгүй.

-Таны хөрөнгө орлогыг гурван жилийн дотор огцом өссөн, мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа Баянзүрх дүүргийн өнгөтэй, өөдтэй хамаг газрыг хувьдаа авч ашигласан гэх мэдээлэл байна. Үүн дээр тайлбар өгвөл? 

-Хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй бий шүү дээ. Сүүлийн гурван жилийн дотор хэд байж байгаад хэд болсон нь байгаа, та нар түүнээс шүүж хараад иргэдэд мэдээлж болно. Хэд дахин нэмэгдсэн юм байхгүй. Хаврын синдром эхлээд нүүрсчид амилж байна. Надтай ямар ч хамаагүй хүмүүс, төслийг надтай холбож байна. Надад хийх ажил их байна. Баянзүрх дүүрэгт барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Кайду сити” гээд компани бий, захирлыг нь би танина. Гэхдээ түүнтэй хамаарал байхгүй. Хөрөнгө оруулдаггүй.

-Та Нийслэлийн МАН-ын дарга болох уу?

-Нийслэлийн МАН-ын хорооны хурал болох сураг бий. Гадуур намайг нийслэлийн МАН-ын даргын суудлыг авна гэж яриад байна лээ. Би хотын дарга болохгүй гэж хэлсэн. Харин Нийслэлийн МАН-ын даргын санал ирвэл, би болно. Надад тэр ажлыг хийх туршлага бий.

Эцэст нь шар хэвлэлийнхэнд хандаж хэлэхэд, үнэн ялна, удахгүй үнэн зөв нь ялгарна. 

10 : 10

2026-2-27

Б.Дэлгэрсайхан: Сайд нарын асуудлыг хэлэлцэх эсэхийг мэдэхгүй байна

МАН-ын Бага хурал өнөөдөр 10:00 цагт товлогдсон ч хараахан эхлээгүй байна. Бага хуралд оролцохоор ирсэн гишүүдээс сэтгүүлчид  байр суурийг нь тодруулж байна.


Зам тээврийн сайд Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Бага хурлаар ямар асуудал хэлэлцэхийг мэдэхгүй байна, хоёр хоногийн өмнө ирлээ.

Лүнгийн замын тухайд хэлэхэд, Монгол Улсын хамгийн их ачаалалтай зам. Дархан, Сэлэнгийн замаас гурав дахин их ачаалалтай. Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж байна. Замын ажлыг хийхдээ Улаанбаатараас Лүн хүртэлх 101 км замын зургаан эгнээ болгоод цаашаа Хархорин сум хүртэл дөрвөн эгнээ болгохоор төлөвлөж байна. Ингэхдээ тус замыг засахдаа Дарханы замын алдааг давтахгүй. Замыг хуулж янзлахгүй гэж бодож байгаа.

 Дарханы тойргийн асуудлаас болж олон хүн амь насаа алдсан. Энэ асуудлаар шүүхдэнэ.

Тус компанийн Хэнтийн Дадал хойд чиглэлд зам тавих зөвшөөрлийг цуцалсан байгаа. Тухайн компанийн барьсан Бор-Өндөрт барьсан гүүр нь гурван удаа дампуурсан. Зам барьдаг компани нь дамдуурдаг зураг гаргадаг компани баяждаг юм байна. Зураг гаргадаг бүлэглэл бий болчихсон юм байна. Улсын төсөвт ороогүй зургийн 80 хувийг дан энэ “Эм Пи Си” компани зураад тавьчихдаг юм байна.

Зам тээврийн салбарт дөрвөн том ажил хийж байна. Тодруулбал, Ганцмод-Гашуун сухайтын хил холболтын замын ажил явагдаж байгаа, нисэхийн замыг өргөтгөнө. Мөн Хөшигтийн хөндий-Багахангай замыг энэ намартаа багтааж холбоно. Дээрээс нь нисэх онгоцны буудлыг өргөтгөнө мөн навигацын шинэчлэл хийж байгаа .

Ерөнхийдөө өөрсдөө зам тавья гэсэн уул уурхайн компаниудад эрхийг нь олгож байгаа. Газрууд өөрсдийнхөө мөнгөөр зам барина гэвэл ямарч асуудал байхгүй гэлээ.

About Author