Хэвлэлийн бага хурал хийсэн эмч нарыг ажлаас нь халжээ
УНТЭ-ийн шүгэл үлээсэн дэд захирал, эмч нарыг “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр ажлаас нь халжээ. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/нь улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1200 гаруй хүнд үйлчилдэг. Яаралтай тусламжийн тасгаар цагт 70 орчим хүн хүлээн авч, өдөрт 60 гаруй төрлийн мэс ажилбар хийдэг өндөр ачаалалтай байгууллага юм. Гэвч сүүлийн үед удирдлагын богино хугацааны халаа сэлгээ, хэт улс төржилтөөс шалтгаалан эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдох нөхцөл үүссэн талаар эмч, ажилтнууд Пүрэв гаригт /2026.02.26/ мэдээлсэн юм. Тэдний нэг болох тус эмнэлгийн эмч О.Чойдог “Оюутан цагаас эхлээд олон жил ажилласан байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй, пүрэв гаригт шүгэл үлээсэн тул өнөөдөр ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халагдах тушаалаа гардан авлаа. Эрүүл мэндийн салбар тэр дундаа улсын эмнэлэг хэн нэгэн эрх мэдэлтний үгээр ажил хийдэг байж болохгүй, хэн нэгэн гацаадаг байж болохгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн томилгоог эмч, ажилчдын оролцоотойгоор хийхгүй явсаар байвал УНТЭ дээр гарч буй явдал шиг энэ мэт бурангуй жишиг хэзээ ч арилахгүй. ТУЗ-д эмнэлгийн төлөөллийн хувийг нэмэгдүүлэхийн төлөө цаашид ч тэмцэнэ” гэдэг байр сууриа илэрхийлжээ.
Удирдлагын тогтворгүй байдал үргэлжилж буй нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, санхүүгийн урсгал доголдох эрсдэл үүсгэж байгааг эмч, ажилтнууд анхааруулж байна. Тэдний хэлснээр төсөв, худалдан авалтын шийдвэрүүд удааширснаас ариун цэвэр, халдвар хамгааллын зарим хэрэгсэл болон эмнэлгийн зайлшгүй шаардлагатай нөөц тасалдах бодит эрсдэл тулгараад байгааг хөндсөн.
Иймд эмч, ажилтнууд эмнэлгийн удирдлагын бодлогыг яаралтай тогтворжуулах, санхүүгийн шийдвэр гаргалтыг шуурхай болгох, эхлүүлсэн засвар, шинэчлэлийн ажлыг богино хугацаанд дуусгах шаардлагатайг онцлон шаардсан байдаг.
