Ард түмний сонголт үнэгүйдэж, ахиад ирэх дэмжлэг алсарна

20260227-ORG_1386-810x500

Эх сурвалж: Nnews.mn

Эрх баригч нам өвөр зуураа хөлөө жийлцээд, өөд уруугүй сандал суудлаа сэлгээд байвал ард түмний сонголт үнэгүйдэж, ахиад ирэх дэмжлэг алсарна. Улс төр бужигнаантай, улс орон үймээнтэй байгааг Ардын нам Бага хурлаараа харуулчихлаа. Уг нь энэ цаг үед эрх баригч нам эвлэн нэгдэж, илүү нягтарч, ирэх өдрүүддээ төвлөрч, эх орныхоо ирээдүйг бүтэн зураглах учиртай юм. Учир нь олон улсын геостратегийн нөхцөл байдал жинхэнэ утгаараа амаргүй байна. Дэлхий нийтэд хүчний дахин хуваарилалт ид өрнөж байгаа энэ цаг үед жижигхэн Монгол жир даруу, эрх баригч нам нь итгэл төрүүлэхүйц үйл ажиллагаатай байх учиртай сан.

Харамсалтай нь Ардын нам доторх албан тушаалын, эрх ашгийн төлөөх өрсөлдөөн, үймээн намжаагүй байгааг шинэхэн дарга Н.Учралынх нь Бага хурал дээр тавьсан илтгэлээс харж болохоор байна.

Ердөө гуравхан сарын өмнө Д.Амарбаясгалан ба түүний нөхдийн албан тушаалыг авах гэж алаан шулаандаа тулж байсан бол өнөөдөр түүнийг Намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлснээ зарлав. Ардын нам ёс зүй, сахилга хариуцлагын туг нь болж явах тухай ойлголт, сэдлийг, боломжийг үндсэн дүрэмдээ суулгаж, ингэж байж Ардын нам зөв үлгэрлэгч болно гэдгийг ярьж эхлүүлээд ажил хэрэг болгосон хүн нь Д.Амарбаясгалан. Энэ бол түүний намдаа хийсэн олон гавьяаны нэг.

Мэдээж хамгийн том үр дүн нь Ардын намд ирсэн олон сонгуулийн ялалтыг Д.Амарбаясгалан түүчээлсэн. Тэр тооцоолсон, харсан, үр дүн үзүүлсэн. Өнөөдөр түүний энэ амжилтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол илэрхий үнэн.

Гэтэл Ардын нам ийм манлайлагчаа 105 жилийнхээ ойн хүрээнд магтан сайшаадаггүй юм гэхэд матаж, харлуулж, дүүжилж болохгүй л байлтай. Ийм мэдэгдэл, процессын дараа Ардын нам ард түмнээс алга ташилт, гишүүд дэмжигчдээс нь итгэл зүтгэл лав ирэхгүй нь дэндүү ойлгомжтой. Зүтгэсний хүчинд дүүжлүүлэх жамтай юм бол зүгээр суусан нь өлзийтэй байж таарна.

Эрх баригч нам ингээд сонгуулийн жилийн турш өвөр зуураа хөлөө жийлцээд, өөд уруугүй сандал суудлаа сэлгээд байвал ард түмний сонголт үнэгүйдэж, ахиад ирэх дэмжлэг алсарна.

Дэлхий тогтворгүй, том гүрнүүдийн зөрчил хурцадмал, дайн мөргөлдөөн, эдийн засгийн хориг, геополитикийн савлагаатай үед илүү нэгдэн нягтрах учиртай байтал манай улс дотооддоо улам хагарч, эрх баригч нам нь эвлэн нэгдэх нь бүү хэл туршлага, институтийн санах ой, бодлого барьж ирсэн хүмүүсээ дотоод тэмцлийн бай болгож, улс төрийг хувь хүний ашиг сонирхол, албан тушаалын төлөөх тэмцлээр дүүргэж сууна. Гадна талд савлахад сул дорой улс дотооддоо улам хагарч, гаднын эрхшээлд орж ирсэн гашуун түүх бийг энд сануулах нь илүүц биз ээ

About Author