МУИС-ийн номын сан цахим сангаа нээлттэй болгожээ
МУИС-ийн номын сан нь анхны цахим номын сан болох e-library.num.edu.mn сангаа өргөтгөн хөгжүүлж, дэлхийн аль ч өнцгөөс, орон зай, цаг хугацаанаас үл хамааран хэн бүхэнд нээлттэй ашиглах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, өмнө нь тус цахим санд зөвхөн МУИС-ийн оюутан, багш, судлаачид нэвтрэх эрхтэй байсан бол шинэ журам батлагдсанаар олон нийт чөлөөтэй ашиглах боломжтой болж байна. Цахим санд интернетэд холбогдсон гар утас, компьютер, таблет зэрэг төхөөрөмжөөр 24 цагийн турш нэвтрэх боломжтой.
e-library.num.edu.mn цахим санд сургалтын гарын авлага, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, магистр, докторын бүтээл, судалгааны тайлан, төсөл, ховор, үнэт хэвлэлийн цахим хувилбар зэрэг өргөн хүрээний эх сурвалж төвлөрсөн байна.
Мөн олон улсын мэдээллийн сангуудтай холбогдон судалгааны чанартай эх сурвалжуудыг ашиглах боломжийг нээсэн нь хэрэглэгчдэд илүү өргөн сонголт, хүртээмжийг бий болгожээ. Цахим сан нь номын сангийн уламжлалт үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээс гадна олон нийтийн мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын салбарын цахим шилжилтийг хурдасгах ач холбогдолтой алхам болж байна. Цаашид сангийн агуулгыг баяжуулах, ухаалаг хайлтын систем нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар үйлчилгээний чанар, хүртээмжийг улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.