ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна
Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Ц.Ганболд ОХУ-д саатуулагдсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэж, Чита мужийн цагдан хорих байранд өнгөрөгч хоёрдугаар сарын 6-нд баривчилсан. Баривчлах нэг сарын хугацаа нь энэ сарын 6-нд дуусч, суллагдах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно хэмээн нутгийн иргэд хэлж байсан юм. Харин товлогдсон хугацаандаа шүүх хурал нь болсон эсэх талаар эх сурвалжаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Баян-Уул сумын иргэн Г: Одоог хүртэл ямар ч сураг алга. Оросын хил хаалттай байгаа учраас тэнд юу болж байгаа талаар манай нутгийнханд ямар ч мэдээлэл алга. Маргаашнаас (өнөөдрөөс) хил нээгдэхээр нэг сураг сонсогдож магадгүй. Ямартаа ч суллагдаагүй хэвээр байгаа. Уг нь баривчлах нэг сарын хугацаа нь энэ сарын 6-нд байсан ч суллагдсангүй. Ар гэрийнх нь хүмүүс Ульхандаа л байгаа. Бидний хувьд чих тавин сураглаж л байна гэв.
Уг асуудлын талаар манай сонинд өнгөрсөн долоо хоногт Баян-Уул сумын иргэн Ц: Манай сумынхан хямд гээд хилээр гарч ойр зуурын юмаа цуглуулдаг юм л даа. Хүнсний бүтээгдэхүүн, зайлшгүй шаардлагатай зүйлсээ худалдаж авахын тулд Ульхан шалган нэвтрүүлэх цэгээр бараг долоо хоног бүр Орос руу ордог. Үүний адилаар л цагаан сараас бараг долоо хоногийн өмнө хил давсан юм билээ. Тэр үед нь Оросын хууль сахиулах байгууллага саатуулсан гэж сонссон. Оросын хилээр орж гарах үеэрээ гаалийнхантай нь маргалдсан асуудал үүссэн гэж сонссон. Тухайн үед нь Оросын генерал ирсэн байсан юм уу даа. Ийм л асуудал үүсч. Түүнээс биш өөр сүртэй асуудал ерөөсөө үүсээгүй хэмээн ярьсан юм.
Ийнхүү Монгол Улсын иргэн ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагдаад нэг сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Ар гэрийнхэн нь ч ямар учир шалтгаантай, юу болсон талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа бололтой. Энэ асуудалд Гадаад хэргийн яам, ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар иргэнийхээ эрх ашгийн төлөө ажиллаж байна уу гэсэн асуулт хөндөгдөж байгаа юм.