Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд Э.Бат-Үүл, Баабар нар оролцжээ

i2pv6e_IMGC9085_x974

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.03.10/ боллоо. Арга хэмжээнд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, намын бусад удирдах албаны хүмүүс, Жамбын Батмөнх агсны гэр бүлийн төлөөлөл, оюутан залуус оролцжээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, МАН-ын дарга асан, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монголын Ардчилсан намын анхны дарга, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Э.Бат-Үүл, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, нийтлэлч Баабар нар оролцсон байна.

зураг

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн үлдээсэн өв, үйл хэрэг бол Монгол төрийн удирдагчийн эх орон, ард түмнийхээ төлөөх саруул ухаан, энэрэл, хайр юм. Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол эрх мэдлээс татгалзаж, үндэстний язгуур эрх ашиг, эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол илүү үнэ цэнтэйг үлгэрлэн харуулсан түүхэн бахархал юм. Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш. Ардчилал бол бүх монголчуудын амжилт ололт, монгол хүн бүрийн эрхэмлэж явах үнэт эрх чөлөө юм” гэжээ. 

Монголын Ардчилсан намын анхны дарга, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Э.Бат-Үүл “Ардын намын залуучууд надад үг хэлэх боломж олгосонд олзуурхаж байна. Залуус та бүхэн нэг зүйлийг ойлгох нь зүйтэй.

Ж.Батмөнх гуай эрх мэдлээсээ сайн дураараа татгалзсан хүн. Шалтгаан нь залуучуудынхаа ирээдүйг гайд автуулахгүй гэсэн байр суурьтай байсан гэдэг. 1990 онд бид хэд хэдэн удаа хэлэлцээр хийж зарчмын тохиролцоонд хүрсэн. Монголд дахиж нэг хүний дарангуйлал тогтоож болохгүй гэж бид тохирсон. Үүний баталгаа бол парламентын тогтолцоо юм шүү гэдэгт тохиролцсон юм. Энэ хэлэлцээрийг бид өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж үнэнч яваа. Энэ бол улс төрийн том соёл” гэв.

Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, нийтлэлч Баабар “Ж.Батмөнх гуайн олон баримт, түүхийг олж уншсан. Ер нь хүн бол амьдралдаа хар, цагааныг хослуулдаг, цав цагаан, хав харанхуй зүйл гэж байхгүй.

Ж.Батмөнх гуай Ардын Их Хурлын дарга, намын дарга байхдаа асар их өөрчлөлт хийсэн, түүнийг нь тэр бүр анзаараагүй. Олон жил хөрштэйгээ дайсан болж явсан харилцааг Ж.Батмөнх гуай хэвийн болгох зүйлийг хийсэн” гэж тодотгож ярилаа.

Монгол Ардын намын дарга асан, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр хэлэхдээ “Цав цагаан өнгөтэй зүйл энэ хорвоод юу ч байхгүй. Хүн ч байхгүй. Тас хар зүйл ч байхгүй. Хорвоо олон өнгөтэй учраас өнгөрсөн түүх ч олон өнгөтэй. Яагаад түүхээ мэдэх хэрэгтэй вэ гэхээр өнөөдрийгөө ойлгох ёстой.

зураг

Өнөөдрийгөө ойлгосны үндсэн дээр ирээдүйгээ цогцлуулах, өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх, өмнө нь хуримтлуулсан сайн сайхан зүйл дээрээ цаашид сайхан амьдрах бололцоо нээгддэг гэдгийг залуустаа хэлье” хэмээн хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн залууст хандаж хэллээ.

зураг

About Author