Д.Будзаан: Зодооны хэрэгт холбогдуулан 8 сурагчийг шалгаж байна
Цахим орчинд нэгнээ бүлэглэн зодож дээрэлхсэн бичлэг цацагдсан. Уг хэрэгтэй холбогдуулан
ЦЕГ-ын хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаанаас тодрууллаа.
Тэрбээр, “Тухайн бичлэг өнгөрсөн шөнө цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн хэрэг 2026 оны гуравдугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн. Дээрх хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр хүүхдүүд нь урд өмнө нь дээрэлхэлтийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан.
Тухайн хэргийг голлон зохион байгуулж байгаа хоёр эрэгтэй хүүхэд, хоёр эмэгтэй хүүхэд байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил үйлдээд бичлэг хийдэг, эд зүйл мөнгө төгрөг нэхдэг нь тогтоогдсон. Бичлэгт гарч байгаа охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зүйл тогтоогдоогүй. Түүний биед халдаж, үг хэлээр доромжилсон нөхцөл байдал тогтоогдсон.
Нэг бүлэг хүүхдүүд л энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн.
Энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэвэл 30 хүртэл хоногоор баривчилна. Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жил хүртэл хорих ялтай. Хүүхдийн амь нас эрүүл мэндэд ноцтой хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг” гэлээ.