НОЦТОЙ БАРИМТ: Б.Чойжилсүрэн цахилгааны үнийг нэмж цуглуулсан 20 тэрбумаар өөрийнхөө “Зайсан Хүннү” хороололд дэд станц бариулж байна
Эх сурвалж: DataNews.mn
Эрчим хүчний салбар элгээрээ хэвтэж, иргэд цахилгаан, дулааны хязгаарлалт дунд өвлийг арайхийн давж байхад салбарын сайд Б.Чойжилсүрэн албан тушаал, эрх мэдлээ ашиглан хувийн бизнесээ цэцэглүүлж, улсын төсвийг саасаар байна. Хамгийн ноцтой нь, тэрбээр иргэдийн цахилгааны үнэ тарифыг нэмж, шулж цуглуулсан төрийн өмчит компанийн хөрөнгөөр өөрийн барьж буй тансаг зэрэглэлийн хороололд зориулан цахилгааны дэд станц бариулж байгаа увайгүй үйлдлийг илчилж байна.
Улсын мөнгөөр халаалт, цахилгаанаа шийдүүлсэн “Зайсан Хүннү” хороолол
Хан-Уул дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэр, Дархан цаазат Богд хан уулын Ар Зайсангийн аманд ойн захад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группийн сүндэрлүүлж байгаа 19 давхар “Зайсан Хүннү” орон сууцны хороолол баригдаж байна. Энэхүү газар нь АТГ-т авлигын хэргээр шалгагдаж буй түүний зөвлөх Б.Нямаагийн “Хүмүүн” цогцолбортой хаяа дэрлэн орших 8.8 га бүхий дуулиант талбай юм.
Тэгвэл тус хорооллын дулаан хангамжийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар (УТХО) шийдүүлсэн бол, цахилгааны асуудлыг нь “Богд” дэд станц барих нэрийдлээр ЦДҮС ТӨХК-ийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа нь албан тушаалын давуу байдлаа илт урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж байна. Зайсангийнхныг 2025 оны зун 3 сар халуун усгүй байлгаж хувийн хороололруугаа дулаан татах шугамын өргөтгөл бэлтгэл хийсэнийг тэр зунжингаа л ярьсан. Мөн энэ өвөл нийслэл Улаанбаатарт тогны хязгаарлалт өдөр бүр хийж олон ч компани хувийн хэвшлийн үйл ажиллагаа доголдож, айл өрхүүдийн ч цахилгаан хэрэгслүүд шатаж хохирол гарсан. Үүнийг хэн хэрхэн хариуцахыг аль ч түвшинд ярьсангүй. Ирэх өвөл эрчим хүчний салбар хамгийн хүнд нөхцөлтэй нүүр тулна гэдгийг салбарын экспертүүд хэлсээр байхад сайд нь хувийнхаа хорооллын дулаан цахилгааны асуудлыг төрийн мөнгөөр шийдэх л чухал байна.
ТӨХК-ийн 2025, 2026 оны төлөвлөгөөнд 20 тэрбумыг суулгаж, гар хөлөөрөө гүйцэтгүүлэх төлөвлөгөө
Б.Чойжилсүрэн өөрийн хорооллын цахилгаан хангамжийг төрийн мөнгөөр шийдвэрлэх зорилгоор Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ, Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэст өөрийн гар хөлийн хүмүүсийг зориуд байршуулж, зохион байгуулалттайгаар хууль зөрчсөн байж болзошгүй байна.
Тухайлбал, “Зайсан Хүннү” хорооллын цахилгааныг шийдэхийн тулд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” (ЦДҮС) ТӨХК-ийн 2025, 2026 оны төлөвлөгөөнд 20 орчим тэрбум төгрөгийг хоёр хуваан тусгуулжээ. Ингэхдээ өөрийнх нь дэмжлэгээр 2023 онд тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Билэгтийн Дашдаваа болон Худалдан авах хэлтсийн дарга Б.Лхагвадорж нарын гараар могой бариулж удаа дараа хууль зөрчсөн тушаал шийдвэрүүдийг гаргуулсаар байна. Улмаар тоног төхөөрөмж, материалыг нь ТӨХК-аас хөрөнгө гаргуулан худалдан авахуулж, тус компаниар барилга угсралтын ажлыг үнэ төлбөргүй шахам хийлгэж байна гэж салбарын хүмүүс нь шивнэлдэж байна. Хувийн компани, хувийн бизнестээ төрийн өмч, төрийн компанийг хууль зөрчин зараалж байгаа нь Эрчим хүчний сайдын ёс зүйд нийцэх үү?
Салбар нь сүйрч, хүн амиа алдаж байхад сайд нь бизнесээ өргөжүүлсээр…
Цахилгааны мөнгийг огцом нэмсэн ч эрчим хүчний салбарт бодит үр дүн гарсангүй. ТЭЦ-3 дээр осол гарч турбин дэлбэрэн, ЦДҮС ТӨХК-д ажиллаж байсан 24 настай залуу тогонд цохиулж харамсалтайгаар амь насаа алдсан ноцтой хэргүүд ар араасаа гарсаар байна.
Гэтэл энэ мэт хүн ардын амь нас эрсдэж байгаа аваар саатлыг арилгаж, станцуудад их засвар хийх ёстой байсан хөрөнгийг Б.Чойжилсүрэн сайд өөрийн хувийн бизнесээ цэцэглүүлэхэд ашиглаж, “намайг хэн юу гэхэв” гэсэн дарангуй хандлага гаргаж байгаа нь Эрчим хүчний салбарын хамт олон болон иргэдийн дургүйцэл, бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Энэхүү улаан цагаандаа гарсан авлига, эрх мэдэл урвуулан ашигласан хэргийг АТГ болон хууль хяналтын байгууллагууд яаралтай шалгах цаг нь болжээ!
ЦДҮС ТӨХК-ний 2025 оны их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 2025 оны 12-р сарын 26-ны өдөр буюу оны сүүлд яаран сандран шинэчлэн баталж өөрийнхөө 100% эзэмшдэг компаний барьж буй хорооллын цахилгааны асуудлыг шийдэх дэд станцыг барих 1-р үе шатын 10,8 тэрбум төгрөгийн төсвийг суулгасан баримтыг та бүхэн харж байна. Мөн 2026 оны төлөвлөгөөнд 8,8 тэрбум төгрөгийг суулгуулсан байна.

