Нүүрсний экспорт дээд амжилт тогтоох графикаар явж байна
Монгол Улсын нүүрсний экспорт 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 19.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 35 хувиар өсжээ.
Үүний 4.1 сая тонн нүүрсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжаалсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн эерэг үр дүн юм.

Жил бүрийн 2 дугаар сард Цагаан сарын баярын амралтын өдрүүд тохиодогтой холбоотойгоор нүүрсний экспорт тодорхой хэмжээнд буурах хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч 2026 оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт 16.4 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөнөөр сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Монгол Улс 2026 онд 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Тэгвэл эхний хоёр сарын гүйцэтгэл энэ зорилтоо биелүүлэх төдийгүй давуулах төлвийг харууллаа. Манай улс хамгийн дээд тал нь 85 сая тонн нүүрс экспортолж байсан юм.