Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүнээр улиран сонгогдлоо
Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны IX чуулган Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна.
Чуулганаар МҮОХ-ны тэргүүнээр Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшсэн бол дэд ерөнхийлөгчид зургаа, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн билээ.
Тэгвэл Б.Баттүшигийг нийт гишүүдийн 96.7 хувь нь дэмжсэнээр МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.
Б.Баттүшиг нь 1986 оны долдугаар сарын 23-нд төрсөн. Тэрбээр 2015 оноос Монголын Бадминтоны холбооны тэргүүн, 2017 онд Олон Улсын Бадминтоны холбооны зөвлөлийн гишүүн, тэр жилээ МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
МҮОХ-ны тэргүүн асан Д.Загдсүрэнг эрүүл мэндийн шалтгаанаар албаа хүлээлгэн өгөхөд тэр түр орлогчоор ажиллаж байв.
2020 оноос Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүнээр сонгогдсон.
Улмаар 2022 оны гуравдугаар сард нийт гишүүдийн 93 хувийн саналаар МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч болсон түүхтэй.
МҮОХ-ны Ерөнхийлөгч нар
- ЭЛДЭВ-ОЧИРЫН ДАРЬСҮРЭН (1956 оны 2 сараас 8 сард, үүсгэн байгуулагч анхны ерөнхийлөгч)
- ЖАМЪЯНГИЙН ЛХАГВАСҮРЭН (1956-1959)
- ДОВЧИНГИЙН ЯДАМСҮРЭН (1959-1966)
- НАМЖИЛЫН НОРОЛХОО (1966-1975)
- ШАГДАРЖАВЫН МАГВАН (1975-1981)
- ГОМБЫН ДАМДИН (1981-1984)
- ДАВААГИЙН ДАШДОВДОН (1984-1988)
- ГАЛСАНГИЙН ДАШЗЭВЭГ (1988-1990)
- СОСОРБАРАМЫН БОЛД (1991)
- САМДАНДОРЖИЙН ЖАМЦ (1991-1996)
- ШАГДАРЫН ОТГОНБИЛЭГ (1996-2001)
- ДЭМЧИГЖАВЫН ЗАГДСҮРЭН (2001-2019)
- НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР (2020-2022)
- БАТБОЛДЫН БАТТҮШИГ (2022-одоог хүртэл)