О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвших хүмүүс намын дансанд ₮6 саяыг тушаана
Ардчилсан Намын төв байгууллагын сонгуулийг зохион байгуулах дэд хорооноос дотоод сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр АН-ын төв байгууллагыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү дотоод сонгуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ардчилсан Намын “нээлттэй, цэгцтэй” аяны хүрээнд намын дүрэм журамд нийцүүлэх зорилгоор дотоод сонгууль бүх орон даяар явагдах бэлтгэл ажил хангагдаж байна.
Манай ажлын хэсэг Үндэсний бодлогын хороо болон Хяналтын зөвлөлийн сонгуулийн ажлыг хариуцна. Мөн намын их хурлын төлөөлөгчдийн нэрсийг албажуулж зохион байгуулна.
Гуравдугаар сарын 17-19-н хүртэл намын төв байранд Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчдийг бүртгэнэ. Бидний багцаалж буйгаар ихдээ 1,000 орчим хүн сонгогдохоор бүртгэл ирүүлнэ. Тиймээс хүмүүсийг ирсэн дарааллаар нь нэрсийг бичнэ. Санал хуудасны нэрсийн дарааллыг албажуулсны дараа бүх аймаг, дүүрэгт өгч сонгууль явуулна.
Гуравдугаар сарын 20-нд Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчдэд Соёлын төв өргөөнд үнэмлэх гардуулна. Тэр хүмүүс энэ сарын 21, 22-ны өдөр тухайн газартаа очиж, намын төлөөлөгчдөдөө сурталчилгаа хийнэ. Гуравдугаар сарын 23-нд аймаг, дүүргийн намын дарга нарын болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн сонгууль болно.
Намын дүрмээр 378 хүнийг Үндэсний бодлогын хороонд сонгоно. Энэ удаагийн сонгуулиар “залуучууд”, “эмэгтэйчүүд”, “чөлөөт” гэсэн квот тогтоож байгаа. 39-ээс дээш насны эрэгтэй хүмүүсийг “чөлөөт” гэж нэрлэж байгаа. 39-ээс доош насны хүмүүсийг “залуучууд” гэж байгаа.
Үндэсний бодлогын хороонд нэр дэвших гэж байгаа хүмүүс мөнгө тараах үйлдэл гаргавал хатуу хориглоно. Ардчилсан Нам “зуу манлай” гэдэг уриа тавьсан. 100 жилийн турш авлигыг үргэлжлүүлсэн МАН-ын 100 авлигын нэрсийг жагсаая гэж ярьсан. Манай нам уриалж авлигатай тэмцэх гэж байж Үндэсний бодлогын хорооны гишүүн авлига өгч болохгүй.
Үндсэн дүрэмд хандив гэж ойлголт бий. Хандив нь улс төрийн намын тухай хуульд зааснаар төлөх татвар, намд өгөх бусад аливаа мөнгийг хэлнэ гэсэн. Үндэсний бодлогын хороонд нэр дэвших хүмүүс намын дансанд зургаан сая төгрөг тушаана.
Зургаан сая төгрөг төлөөд Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон бол тэр нь нэг жилийн татвар гэсэн үг. Учир нь улс төрийн намын тухай хуулиар нэг хүнээс 9 сая төгрөгөөс дээш авч болохгүй. Нэр дэвшээд сонгогдоогүй хүмүүсийн хувьд хандив болж үлдэнэ. Буцааж өгнө гэсэн ойлголт байхгүй. Бид энэ мөнгөөр намын их хурлаа зохион байгуулна” хэмээн ярилаа.