ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 146 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 6 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.356, мөрдөн байцаалтын 3153 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 88, Өмчлөх эрхийн эсрэг 36, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Хууль сахиулагчийг эсэргүүцэх 2, нийт 146 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
– Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулахад бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, нягтлан бодогч А.Э, менежер С.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий нөхөрлөлийн өр төлбөрийн дүнг багасгаж тооцоо нийлсэн акт үйлдэн дахин зээл авах нөхцөлийг бүрдүүлж, тус санд 40.407.026 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байсан Т.У нь гэрчилгээ олгох шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг баримт бичгийн бүрдэл хангасан мэтээр танилцуулж, ажлын хэсгээр дэмжүүлэн гэрчилгээ гаргуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигах/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.