IMC олон улсын математикийн олимпиад Монгол Улсад анх удаа болно
Өнгөрсөн долоо хоногт IMC олон улсын математикийн олимпиадыг Монгол дах зохион байгуулагч талууд болон GMIT (German-Mongolian Institute for Resources and Technologies) 2026 оны 7-р сарын 22-27-нд Налайх дүүрэгт байрлах GMIT-ийн хотхонд хамтран зохион байгуулахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
IMC (International Mathematics Competitions) бага, дунд ангийн сурагчдын олон улсын математикийн олимпиад нь 1999 оноос анх зохиогдож эхэлсэн бөгөөд дэлхийн олон орнуудыг хамарсан өндөр чансаатай тэмцээн юм. Монгол улсад анх удаа ийнхүү зохион байгуулагдахаар болсон нь зөвхөн боловсролын салбарт төдийгүй эдийн засаг, аялал жуулчлалын салбарт ч тодорхой давуу талууд үүсэх нөхцөл бүрдэж байна.
Энэхүү олимпиадад дэлхийн математик боловсролоор тэргүүлэгч өндөр чансаатай 30 гаруй улсаас сонгогдож шалгарсан сурагчид оролцож,
- Бага анги: 4-6 дугаар анги
- Дунд анги: 7-9 дүгээр ангийн гэсэн ангилалд хувийн болон багийн төрлөөр өрсөлддөг юм байна.
IMC олимпиадад Монгол Улсын баг 2010 оноос амжилттай оролцож ирсэн бөгөөд 2026 онд уг олимпиадыг зохион байгуулах эрхийг Монгол улс авч, нийт 80 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор төлөвлөн дотоодын шалгаруулалтын тэмцээнүүд зарлагдсан байна. Уг олимпиадын эхний шат 2026 оны 1-р сарын 31-нд орон даяар зохион байгуулагдсан бол удаах шат буюу улсын аварга шалгаруулах даваа нь 2026 оны 4-р сарын 18-19-нд Хүлэг интернэшнл дунд сургуульд болохоор төлөвлөгджээ. Энэхүү сүүлийн шатнаас шалгарсан сурагчид IMC-2026 олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох юм.
Өнөөдөр бол дэлхийн математикийн өдөр бөгөөд энэхүү тэмдэглэлт өдөр дэлхийн хэмжээний олимпиадыг Монгол улсдаа зохион байгуулахаар болсон баярт мэдээг олон нийтэд түгээж байгаадаа зохион байгуулагчид баяртай байгаагаа илэрхийлсэн байна.


