Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.

CyberBullying_t

Эх сурвалж: 24tsag.mn

Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар мэргэжлийн сэтгэл зүйч, Гэр бүл анхаарлын төвд-Монгол байгууллагын сэтгэл зүйч Б.Батчимэгтэй ярилцлаа. 


-Өсвөр нас гэж ямар үеийг хэлдэг вэ?

-Өсвөр нас, шилжилтийн нас гэдэг нь жоохон хүүхдээс насанд хүрэгч рүү шилжиж буй үе шатыг хэлдэг. Энэ үйл явц нь зөвхөн орчин үеийн хүүхдүүдэд явагдаж байгаа зүйл биш, харин хүний тархины хөгжлийн онцлогтой шууд холбоотой. Хүний тархи ойролцоогоор 25 нас хүртлээ бүрэн хөгжиж төлөвшдөг. Өсвөр насанд хүүхдийн тархи илүү сэтгэл хөдлөлд суурилсан шийдвэр гаргах нь түгээмэл байдаг. Учир нь аливаа үйлдлийн үр дагаврыг тооцоолох, зөв шийдвэр гаргах, эрсдэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх зэрэг ухамсартай бодох үүрэгтэй тархины урд хэсэг бүрэн хөгжөөгүй байдаг. Тэгэхээр өсвөр насанд хүүхдүүд сэтгэл хөдлөлийн хувьд хамгийн их хэлбэлзэлтэй байдаг үе юм.

-Өсвөр насанд хүүхдийн сэтгэлзүйд ямар онцлог илэрдэг вэ?

Өсвөр насанд түргэн уурлах, маш их баярлах, гэнэт гуниглах зэрэг сэтгэл хөдлөлийн хувьд байнгын хэлбэлзэлтэй, тогтворгүй байх нь элбэг. Учир нь энэ нь жоохон хүүхдээс том хүн рүү шилжиж буй шилжилтийн үе юм. Энэ үед хүүхэд заримдаа ганцаараа байхыг хүсэх, эсвэл олон нийтийн дунд өөрийгөө баталж харуулах, илэрхийлэх, байр сууриа нотлох хүсэлтэй болдог.

Мөн “би яг хэн бэ” гэдгээ эрэлхийлж, өөрийгөө олж эхэлдэг маш эмзэг, эгзэгтэй үе шат юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10–19 насыг өсвөр нас гэж тодорхойлдог. Гэвч сүүлийн жилүүдэд тархины хөгжилтэй холбоотойгоор энэ үеийг 24 нас хүртэл үргэлжилдэг гэж зарим судалгаанд үзэх болсон. Иймээс өсвөр насыг зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн нас гэж хязгаарлахгүй, оюутан насыг ч мөн хамруулж үзэх хандлага бий болсон.

-Өсвөр насыг ямар үе шатуудад хувааж үздэг вэ?

-Өсвөр насыг ерөнхийдөө гурван үе шатанд хуваадаг. Эхэн үе буюу 10–13 нас, дунд үе 14–17 нас, хожуу үе буюу 18–24 насыг хамарна. Эдгээрээс өсвөр насны дунд үед үе тэнгийн дээрэлхэлт илүү түлхүү тохиолддог. Учир нь 14–17 насанд хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог нь бүлэгт харьяалагдах, хамаарагдах хэрэгцээ илүү хүчтэй илэрдэг.

Өөрөөр хэлбэл, аливаа нэг найз нөхдийн хүрээлэл, бүлэг дундаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд дээрэлхэх үйлдэл гаргах эрсдэлтэй байдаг.

-Дээрэлхэлт ямар хэлбэрүүдтэй байдаг вэ?

-Дээрэлхэлт нийтдээ таван төрөлтэй. Энэ нь зөвхөн нүдэнд ил харагдах гэмтэл бэртэл, хөхөрч няцрах зэрэг бие махбодын хэлбэрээр хязгаарлагдахгүй.

Сүүлийн жилүүдэд хамгийн ноцтой, далд хэлбэрээр илэрч, хүүхдийн сэтгэлзүйд хамгийн их хор нөлөө үзүүлж байгаа нь “цахим дээрэлхэлт” юм. Учир нь цахим дээрэлхэлт 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж, нэгэн зэрэг олон хүнээс цахим орчноор доромжлол, сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой байдаг.

Ерөнхийдөө дээрэлхэлтийг бие махбодын, сэтгэлзүйн, санхүүгийн, цахим болон нийгмийн харилцаанаас тусгаарлах буюу харилцааны дээрэлхэлт гэсэн төрлүүдэд хувааж үздэг.

-Харилцааны дээрэлхэлт гэж юу вэ, ямар хэлбэрээр илэрдэг вэ?

-Харилцааны дээрэлхэлт нь ихэвчлэн охидын дунд илүү түгээмэл тохиолддог. Энэ нь бүлгийн харилцаанаас зориудаар гаргах, ярианд оролцуулахгүй байх, хамт олон дундаас тусгаарлах, бүлэгт оруулахгүй байх зэрэг хэлбэрээр илэрдэг. Мөн үг хэлээр доромжлох, цахим орчноор дарамт үзүүлэх зэрэг нүдэнд ил харагдахгүй дээрэлхэлтийн хэлбэрүүд ч нэлээд түгээмэл байдаг.

-Дээрэлхэлтийн үед хөндлөнгөөс харж байгаа хүүхдүүд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Дээрэлхэлтийн бас нэг оролцогч нь ажиглагч буюу гэрчүүд байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн дээрэлхэж байгаа болон дээрэлхүүлж байгаа хүүхдүүдээс гадна тухайн нөхцөл байдлыг харж байгаа ажиглагчид байдаг. Зарим ажиглагч дээрэлхэж буй хүүхдийг өдөөх, инээж баясах, зураг бичлэг хийх зэргээр дээрэлхэлтийг улам дэмжих хандлагатай оролцдог. Мөн зарим нь шууд оролцохгүй ч хөндлөнгөөс харж өнгөрөх тохиолдол байдаг.

Судалгаанаас харахад хоёр ба түүнээс дээш хүүхэд дээрэлхэлтийг зогсоох, хориглох байдлаар үг, үйлдэл гаргаж чадвал дээрэлхэлтийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой байдаг.

-Гэхдээ зарим хүүхэд хэн нэгэнд хандаж, тусламж хүсэж чаддаггүй нь өөрөө айдас, дарамтад өртсөнтэй холбоотой байж болно. Иймээс тухайн нөхцөл байдлыг шууд ганцаараа болиулах гэж оролдохоос илүү насанд хүрсэн хүн эсвэл мэргэжлийн хүнд заавал мэдэгдэх нь чухал.

-Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудад зөвхөн хохирогчийг бус, гэрчийг хамгаалах бодлого хангалтгүй байдаг. Үүнээс шалтгаалан дээрэлхэлтийг харсан ч мэдэгдэхгүй өнгөрөх тохиолдол гардаг.

-Найз нөхдийн зөв харилцааны талаар та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өсвөр насанд найз нөхдийн харилцаа маш чухал үүрэгтэй. Найз нь тухайн хүүхдийн сэтгэл санааг ойлгож, таагүй зүйлд уруу татагдахаас сэргийлж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг. Гэвч зарим хүүхэд “сайн найз” гэдэг нь бүх зүйлээ нуугаад байх ёсгүй, хувийн орон зай байхгүй мэт ойлгодог.

Үнэндээ сайн найз байна гэдэг нь сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, буруу зүйлээс хамгаалж, зөв зүйлийг уриалах чадвартай байхыг хэлдэг. Хэрэв хүүхдүүд энэ ойлголтыг зөв хүлээж авч чадвал эрүүл, зөв найз нөхдийн харилцааг бий болгож чадна.

-Дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн эцэг эх ямар байдлаар хүүхэдтэйгээ ярилцах ёстой вэ?

-Эцэг эхчүүд хамгийн түрүүнд хүүхдэдээ сэтгэлзүйн аюулгүй байдлыг мэдрүүлэх хэрэгтэй. Хэрэв эцэг эх хүүхэд хүмүүжүүлэхдээ хэт хатуу арга барилтай, хүүхдээ сонсохоосоо илүү өөрийн үзэл бодлыг тулгадаг бол хүүхэд өөрт тохиолдсон зүйлээ тэр бүр илэрхийлж чаддаггүй. Харин “юу ч тохиолдсон аав, ээждээ хэлж болно” гэсэн сэтгэлзүйн аюулгүй орчинг бүрдүүлж чадвал эцэг эх нь асуусан, эс асуусан ч хүүхэд өөрт тохиолдсон зүйлээ өөрөө хуваалцах хандлагатай болдог.

-Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ ийм аюулгүй орчныг бүрдүүлэх нь маш чухал. Хэрэв ийм орчин бүрдээгүй бол эхний ээлжид тухайн өдөрт болсон үйл явдлыг нь тайван сонсож, ярилцах хэрэгтэй. 

Хүүхдийнхээ үгийг таслахгүй, шүүмжлэхгүй, буруутгахгүйгээр анхааралтай сонсох нь хамгийн чухал юм.

About Author