Ө.Нямхүү “Алтан бөмбөг” шилжин явах цомын эзнээр тодров

download - 2026-03-17T225658.042

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 14 хүртэлх насныхны хөвгүүдийн футзалын УАШТ 14 хоног үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. 39 багийн 624 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд алтан медалийн төлөө “Дэрэн”-гийн тоглогчид “Стрэнжир соккер” клубийнхнийг хожиж тэргүүллээ.

Тэдэнтэй өрсөлдсөн багуудаас “DMU” клуб, “Ган Зам” 20 дугаар сургуулийн баг хүрэл цом өргөсөн юм. Тэмцээний шилдэг довтлогчоор Б.Очир, шилдэг тоглогчоор Б.Анх-Эрдэнэ, шилдэг хаалгачаар Д.Анар (“Дэрэн” клуб) шалгарчээ.

Ташрамд дуулгахад, тус холбооны ангилалтай шүүгчийн сургалт Төв аймгийн “Эйрдом”-ийн талбай дахь бэлтгэл сургалтын цогцолборт болжээ. Сургалтад 22 шүүгч хамрагдаж, бие бялдар, хурд, хүч болон мэргэжлийн ур чадвараа сорьсон. Улиралд нэг удаа болдог уг сургалтын үеэр холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Оюунчимэг хүрэлцэн ирж, 2026 онд болох гадаадын тэмцээнд Монголыг төлөөлж оролцох есөн шүүгчид олон улсын шүүгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өгөв.

Мөн хамгийн өсөх ирээдүйтэй залуу шүүгчийг тодруулж, Монголын анхны олон улсын хөлбөмбөгийн шүүгч Ч.Жавхлантөгс агсны нэрэмжит шилжин явах “Алтан бөмбөг” цом гардуулсан байна. Энэ удаагийн шилжин явах цомын эзнээр шүүгч Ө.Нямхүү тодорчээ.

About Author