БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
Эх сурвалж: 24tsag.mn
Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо. Тус үйлдвэрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд хийж гүйцэтгэжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор гүний усыг ирээдүй хойчдоо хадгалж үлдээх боломжийг бүрдүүлэхийн сацуу Туул голын экосистемийг тэтгэх мөнгө дүнгээр үнэлж баршгүй ач холбогдолтой болж байна. Иймд уншигч та бүхэнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн талаарх байр суурийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хаягдал ус дахин боловсруулах энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан Усны бодлогын нэгэн томоохон зорилт биеллээ олж, бид хаягдал усыг дахин боловсруулж, эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг болно. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болж байгаа бөгөөд цаашид аж үйлдвэрийн бусад олон салбарт хаягдал усыг эргүүлэн ашиглах боломжийг нээж, гүний усны нөөцийг хэмнэх, ирээдүй хойчдоо үлдээх түүхэн чухал алхам болж байна” гэв.

АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ “Усны компакт гэрээ нь Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалтаар усыг их хэмжээгээр дахин ашиглах боломж олголоо. Дахин боловсруулсан усны найдвартай эх үүсвэр нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах таатай хөрс, дэд бүтэц болж байна. Олон сорилттой тулгарсан ч манай хоёр улсын инженер, мэргэжилтнүүдийн авьяас чадвар, туршлагыг нэгэн зорилгод чиглүүлбэл бид юунд хүрч чадахыг батлан харууллаа” гэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монголчууд өөрсдөө бүтээн байгуулж чадаж байна гэж АНУ их өндрөөр үнэлж байгаа. Мөн энэ төслийг хугацаандаа дуусгасан нь маш том амжилт байлаа. Энэ төсөл хэрэгжиснээр дараа дараагийн ямар төслүүдэд нөлөөлөх вэ гэдэг нь маш чухал. Бид удахгүй Усны компакт 3 гэрээний тухай ярилцана” гэв.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Дулааны цахилгаан станцуудын хөргүүрт хоногт 50мянган м3 усыг зарцуулж байгаа. Харин энэ үйлдвэр ашиглалтад орсноор багасгаж байгаа. Одоогоор ТЭЦ-3, ТЭЦ-4, хоёрдугаар цахилгаан станцуудад хоногт 18м3 усыг усны хөргөлтөд нийлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийн стандартад нийцсэн усыг авч ашиглана” гэв.

ММСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн М.Цолмон “Станцуудын ашиглаж буй гүний усны оронд Хаягдал ус дахин боловсруудах үйлдвэрийн усыг ашиглах юм. Тухайлбал, нийт станцуудын ашиглаж буй усны 70 орчим хувийг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн усаар орлуулах боломжтой болно. Манай үйлдвэр Улаанбаатар хотын ундны усны нөөцийг баталгаатай болгоход ач холбогдолтой” гэв.

ММСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралД.Мэндсайхан: Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Жилдээ 18 сая м3 усыг газрын гүнд нь үлдээх боломж бүрдэж байна. Манай үйлдвэр Шинэ төв цэвэрлэх байгууламжаас стандартын шаардлага хангасан усыг хүлээж аваад, биологи химийн цэвэрлэгээнүүдийг хийгээд, халдваргүйжүүлсний дараа дулааны станцуудад дамжуулна” гэв.