Хөвгүүд сэтгэл зүйн асуудлаа нээхгүй “чимээгүй шаналах” үзэгдэл давамгайлж байна

c1bb5d2f-d85a-4bea-87ba-70269897f2ab

Хөвгүүдийн сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой “BECAUSE I AM A BOY” 1000 хөвгүүдийн чуулган өнөөдөр (2026.03.18) Соёлын төв өргөөнд боллоо.Тус чуулганыг Монголын Сайн дурынхны Төв ТББ санаачлан зохион байгуулж, Хүний эрхийн Үндэсний Комисс дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд нээлтэд Комиссын дарга Д.Сүнжид оролцлоо.

Хөвгүүд сэтгэл зүйн асуудлаа нээхгүй “чимээгүй шаналах” үзэгдэл давамгайлж байгаад нийгэмд тогтсон “эрэгтэй хүүхэд хатуу чанга байх ёстой”, “эрэгтэй хүн уйлж болохгүй” зэрэг хэвшмэл ойлголт, эрэгтэйчүүдэд хүнд хүчир ажлыг илүү үүрүүлэх ёстой гэх мэт нийгмийн хандлага  голлон нөлөөлж буйг зохион байгуулагчид анхааруулж байв.

Тухайлбал, Монгол Улс дэлхийн цөөн хэдэн жендэрийн урвуу хамааралтай орны нэг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги болон дээд боловсролын түвшинд хөвгүүдийн эзлэх хувь 20–30 хувиар бага байна.

Чуулганы үеэр салбар бүрийн манлайлагч, төлөөлөгчид илтгэл танилцуулж, панель хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хөвгүүдийн дуу хоолойг илэрхийлсэн “Надаас асуу” хүүхэд хамгааллын шинэ дууны нээлт болов.

Хэлэлцүүлгийн хүрээнд монгол хөвгүүдэд тулгамдаж буй асуудлуудыг олон өнцгөөс авч үзэж, тухайлбал хөвгүүдийн “чимээгүй” асуудал юу болох, үе тэнгийн дээрэлхэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх, боловсролын салбар дахь хүйсийн тэнцвэргүй байдал ирээдүйд ямар үр дагавар үзүүлэх, орчин үед “эр хүн” гэх ойлголтыг хэрхэн зөв тодорхойлох зэрэг чухал сэдвүүдийг хөндлөө.

Илтгэгчдийн зүгээс хөвгүүдэд хандан “Өөрийгөө илэрхийлж сурах, хүнд асуудал тулгарвал ойр дотны, итгэлтэй хүндээ хэлж хуваалцах, бусдыг сонсож ойлгох, мөн өөрийгөө хайрлах” нь чухал болохыг онцлон зөвлөсөн юм.

“BECAUSE I AM A BOY” 1000 хөвгүүдийн чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өсвөр насны хөвгүүдийн хөгжил, оролцоог дэмжих замаар тэднийг эерэг хандлагатай, хариуцлагатай, жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, хөвгүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

About Author