Цагдан хорих 28 байр өмгөөлөгчийн уулзалтын өрөөтэй болжээ
Монголын өмгөөлөгчдийн холбооноос цагдан хоригдож байгаа иргэдийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах албан бичиг хүргүүлсэн юм.
Эл хүсэлтийг тус байгууллагаас шат дараатай шийдвэрлэн, одоогийн байдлаар цагдан хорих 28 байранд мөрдөгч, өмгөөлөгчийн өрөөг стандартын дагуу засаж тохижуулжээ. Тодруулбал, 407, 409, 413, 415, 419, 421, 423, 427, 433, 439, 445, 461 дүгээр нээлттэй, хаалттай хорих анги шалган нэвтрүүлэх байр, нэг цэгийн үйлчилгээнд өмгөөлөгч, прокурор, мөрдөгчид ганцаарчлан уулзах өрөө гаргаж өгсөн байна.
Мөн зарим нээлтэй, хаалттай хорих анги цахим уулзалтын өрөөг ашиглан ганцаарчлан уулзах боломжоор хангаж буй аж. Түүнчлэн 401, 429, 437, 457 дугаар хорих анги болон Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ганцаарчилсан уулзалтын өрөөг тохижуулахаар ажиллаж буйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээлэв. Ингэснээр “Өмгөөлөгч цагдан хоригдсон яллагдагчтай ганцаарчлан уулзах өрөө нь харилцааны нууцлалыг хангасан байх” хуулийн зохицуулалтыг хангах боломжтой боллоо.