ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хаалтын арга хэмжээнд өнөөдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн оролцон, үг хэллээ.
Тэрбээр энэхүү төслийг гардан хэрэгжүүлсэн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, төслийн баг хамт олон, төслийг амжилттай хэрэгжүүлсэн орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлээд “Төслийн хүрээнд гарсан амжилт, загвар үйл ажиллагааг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд манай яам манлайлан ажиллах болно. Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал” гэлээ.
Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн санхүүжилтээр 2021 оноос эхлэн таван жилийн хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан зэрэг есөн сум, зургаан Байгалийн нөөц газарт уг төслийг хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын үүц хэмээгддэг цагаан зээр, цэн тогоруу зэрэг нүүдлийн чухал зүйлийн амьтдын төллөх, амьдрах орчин болсон Дорнодын тал хээрийн бүсэд газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хамгааллын асуудлыг харгалзсан шинэлэг аргаар анх удаа боловсруулснаар онцлог аж. Бэлчээрийг сэлгээн амраах, өнжүүлэх ажлыг сумын ажлын хэсэг, багийн дарга, малчид хамтран хэрэгжүүлснээр төслийн зорилтот сумдад нийт 1,4 сая га бэлчээрийг нөхөн сэргээсэн байна.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Нүүдлийн мал аж ахуйн өв соёл, оршин тогтнохуйн үндэс болсон бэлчээр нутаг, байгалиа хайрлан хамгаалдаг уламжлалыг сэргээсэн, бэлчээрийн менежментийг сайжруулсан энэхүү төслийг сайн туршлага нь манай улсын санаачилгаар 2026 онд дэлхийн дахинаа хэрэгжиж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын гаргаж буй бэлчээрийн тэргүүн санаачлагыг хэрэгжүүлэхэд бодит шийдэл, загвар болно гэдэгт итгэж байна” гэлээ.

Дорнод хээрийн бүсэд газрын нэгдмэл түвшинд газрын доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар 20,0 сая тонн нүүрсхүчлийн хийг шингээн Даян дээрхийн хөтөлбөрийн хүрээнд манай улс хувь нэмэр оруулжээ. Ялангуяа бэлчээрийн газрыг байгалийн аясаар нөхөн сэргээж, доройтлыг бууруулсан бодит үйл ажиллагааны үр дүн, туршлагыг Төв Азийн орнуудад хуваалцаж байгаа аж.

Мөн татмын ойг хамгаалах, байгалийн сэлгэн ургалтыг дэмжин цэвэрлэгээ хийх, мод үржүүлгийн газар байгуулах, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан сумын болон Тусгай хамгаалалттай газрын ойн менежментийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүллснээр нийт 300 орчим га газрыг бодитоор нөхөн сэргээх, 75,315 га талбайд ойн менежмент хэрэгжүүлэх боломж бүрджээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, гурван аймаг, есөн сумын ЗДТГ, холбогдох байгууллагууд төслийн орон нутаг дахь хэрэгжилтийг хариуцан зохион байгуулсан юм.
