Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банк группийн Байгаль орчны асуудал хариуцсан олон улсын захирал Валери Хикки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил болон ногоон хөгжлийн бодлогын чиглэлээр талууд санал солилцов.

Уулзалтын үеэр дэд сайд С.Даваасүрэн Засгийн газраас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн талаар танилцууллаа. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, карбон зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлов. Мөн Хөрөнгө оруулалтын тухай болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдүүлэх, хөгжлийн төслүүдийг “ногоон шалгуур үзүүлэлт”-д суурилан үнэлэх тогтолцоонд шилжиж байгааг дурдлаа.

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын хөгжлийн бодлогыг дэмжих, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах боломжийг өндөр ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн COP17 нь Монгол Улсын ногоон шилжилтийг хурдасгах, олон улсын тавцанд байр суурийг бэхжүүлэх чухал боломж болохыг онцлов.

Талууд COP17-ийн бэлтгэл ажлын хүрээнд бэлчээрийн доройтлыг бууруулах замаар ноолуур, махны экспортын чанарыг сайжруулах, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг эрчим хүчний дэд бүтэцтэй уялдуулан хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн Монгол Улсын зүгээс дэвшүүлэх төслүүдэд олон улсын хөрөнгө оруулалт татах, бусад олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын уялдаа холбоог хангах чиглэлээр Дэлхийн банктай нягт хамтран ажиллахаар боллоо.

About Author