БСШУСБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, “Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл сонсов

0

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдрийн (2023.06.13) хуралдаан гишүүдийн 68.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд төсвийн тодотголын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн тодотголын төслийн талаарх аудитын дүгнэлтийг  Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан.

Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны I улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого, амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага үүссэн байна. Эдийн засаг, нийгмийн энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна. Энэ хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох; тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх; нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх; төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх; нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2,6 хувиас хэтрээгүй болохыг Б.Жавхлан сайд танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн аудитын байгууллага төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг хийсэн бөгөөд тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв төрийн албан хаагчдын цалин хөлсийг шинэчлэн тогтоосон ажил олгогчдоо төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардал нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийтдээ 489.4 тэрбум төгрөгөөр өссөн болохыг дурдав. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж дүгнэсэн болохыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанд гишүүд хууль санаачлагч болон Байнгын хорооны өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авах зохицуулалттай. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан соёлын салбарт ажиллагсдын таван жил тутмын нэмэгдлийн талаар, Ч.Ундрам гишүүн соёл, спортын салбарт хэрэгжүүлэх менежментийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлж, музей, номын сан зэрэг соёлын салбарын ажилтнуудын цалингийн өөрчлөлтийн талаар тодруулж хариулт авсан юм. Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар санал гаргасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Т.Аубакир, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Э.Батшугар нар ажиллах юм.

“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан юм. Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 96 дугаар захирамжид заасан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр цагалварт тусгажээ. Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цагалвар хамаарахгүй. Төсөлтэй холбогдуулан Б.Баярсайхан гишүн асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсан юм. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын мэдээллийг сонслоо.

Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр Олимп Нийтийн Биеийн тамир, спортын үндэсний хороог шинээр байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хорооны даргаар томилсон. Биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын алба таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж. Тус хороо 2023 долоон чиглэлийн 49 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган, ажиллаж байгааг Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулав. Тухайлбал, Биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсгийг байгуулан, 10 гаруй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулаад байгаа юм байна. Түүнчлэн “Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг өөрчлөхөөр ажиллаж байгаагаа мөн хуралдаанд танилцуулав.

Үүний зэрэгцээ хувь хүний бие бялдрын хөгжлийг дэмжих, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд өдөр тутмын хөдөлгөөн дасгалын жишиг загварыг шинээр боловсруулахаар ажиллаж байгаа гэв. Мөн хүн амын бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох, сорилын стандартыг шинэчлэх, сорилын төв байгуулах, санхүүгийн тооцоолол хийх, сорилын цахим сан бүрдүүлэх журмыг шинээр боловсруулж байгаа аж.  Спортын тэмцээн зохион байгуулах жишиг зааварыг Биеийн тамир спортын улсын хороодтой хамтран боловсруулж байгаа гэлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих спортын барилга байгууламжийг аймаг, сумдын хүн амын тоо, хэрэгцээ, хүртээмжийг харгалзан боловсруулах аргачлал, спорт заалны барилгын жишиг зургийг боловсруулж байгаа бөгөөд ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад бүтээн байгуулалтын тодорхой ажлуудыг оруулахаар ажиллаж байгаагаа Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулсан.

Спортын салбарынхан, тамирчдын баримтлах ёс зүйн зарчмуудыг боловсруулаад байгаагаа мөн дэлгэрэнгүй танилцууллаа. Нийтийн эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд эрүүл мэндийг болон спортыг дэмжих тусгай сангуудын ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, нэмэлт эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулаад байгаа аж. Электрон болон бусад төрлийн утаат тамхи, казиногийн үйл ажиллагаа, бооцоот таавар, бооцоот морин уралдаан, хонжворт сугалаа, энэ орлогод ноогдуулах онцгой албан татварын зарим хэсгийг нийтийн биеийн тамирыг дэмжих сангийн санхүүгийн эх үүсвэр болгон татан төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр судалгааны ажлуудыг эхлүүлсэн гэлээ. Мөн спортын хэрэглэл, хувцас, тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, олон улсын жишиг, стандартаар спортын барилга, байгууламж байгуулах аж ахуйн нэгжид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна. Спортын талбай, барилга, байгууламжийг өргөжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлууд, спортын салбарынханы олон улсын түвшинд гаргаж буй амжилтууд, олимпын бэлтгэл ажлууд, Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын чанартай тэмцээнүүд, тэдгээрийн бэлтгэл ажил, санхүүжилтийн талаар Б.Бат-Эрдэнэ сайд дэлгэрэнгүй танилцуулсан.

“Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдэвт Б.Бат-Эрдэнэ сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, соёл, спортын салбарын үйл ажиллагаатай холбоотой саналууд хэлсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *