Монгол орны нийт нутгийн 34 хувь нь цастай байна
Ус,цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоног тутамд хийдэг хээрийн цасны хэмжилтийн дүнг танилцуулав. Энэ сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 34 хувь нь цастай, хайлаагүй байна. Хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 34 см зузаан цастай. Тэгвэл Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Цэцэрлэг, УлаанУул, Цагааннуур, Ховдын Алтай, Говь-Алтайн Тонхил, Бугат, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд 21 см-ээс дээш, Увсын Малчин, Хяргас, Тэс, Ховдын Үенч, Завханы Баянтэс, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Баян-Адарга, Биндэр, Норовлин, Дорнодын Чойбалсан, Халхголд 11-20, бусад нутгаар цасны зузаан 10 см-ээс бага байгаа аж. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногийнхтой харьцуулахад 11 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэсэн ч маргаашнаас эхлэн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангаран, цасан шуурга шуурч, салхины хурд аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүйг тус хүрээлэнгээс анхаарууллаа. Иймд малчид, иргэд, тээвэрчдийг тэнгэрийн муухай арилтал аль болох хол замд гарахгүй байхыг сэрэмжлүүлэв.
Сонирхуулахад, Дэлхийн болон Монголын цаг уурын өдөр өчигдөр тохиолоо. Ус, цаг уур, орчны шинжилгээ гэдэг нь энгийн нүдээр хийх ажиглалт, бас багажийн хэмжилт, мөн автомат төхөөрөмжийн буюу хиймэл оюуны технологи, судалгаа зэрэг арга, хэрэгслийг хавсран хийдэг, нийгэм, эдийн засагт үлэмж ач тустай цогц үйл ажиллагаа билээ. Монгол орны нутаг дэвсгэр дэх цаг агаар, уур амьсгалын байдлын тухай анхны мэдээлэл “Манай эриний өмнөх 72 онд Хүннү улсын нутагт их цас унаж, нэг өдрийн зуур хоёр алд илүү болж хүн, мал олноор үхэв” хэмээх утгатай байсан бөгөөд улмаар МЭӨ 68, нийтийн тооллын 1248, 1340, 1450 онд Монгол нутагт үлэмж их ган, зуд болж байсныг түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ. Судар бичгийн хүрээлэнд Соронзон орон, цаг уур судлалын салааг байгуулснаар манайд орчин үеийн ус, цаг уурын алба үүссэн түүхтэй.