Төслийг судлах ажлын хэсэг ХҮН нам байгууллаа

Төслийг судлах ажлын хэсэг ХҮН нам байгууллаа 

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Туул голын хурдны зам төслийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Усны газрын холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авчээ. Түгжрэл, утаа бууруулахыг тэд дэмжих ч уг төслийн тухайд эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа хангалтгүй байна гэж үзээд үүнийг тодруулах ажлын хэсгийг П.Ганзориг гишүүнээр ахлуулан байгуулсан аж.

Энэ талаар тэрбээр “Нийслэлийн төсвийн 2.3 их наяд төгрөгөөр 32 км урттай гүүрэн байгууламж бүхий авто зам барина гэж буй. Хуулийн дагуу уг төсөлд дүгнэлт гаргах ёстой ч тэр нь алга. Байгаль орчны үнэлгээ хийж, “Дунд зэргийн нөлөөлөлтэй” гэж гарсан байна. Энэ бол сөрөг нөлөө байна гэсэн үг. Үүний хүрээнд 3.4 га газарт бургас хядах юм билээ. Туул голын ай саваар дамжиж буй гүүрэн байгууламж ундны усанд хэрхэн нөлөөлөх, үерийн эрсдэл нэмэгдэх үү гэдэг судалгаа гаргаагүй. Агентлагийн дарга нь ийм дүгнэлт байхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр хуулийн шаардлага хангаагүй байна. 32 км замын 10 орчим нь гүүрэн байгууламж юм билээ. Зам, гүүр хоёрын км тутмын зардлыг дундажлаад 71 тэрбум төгрөг гэж хэлсэн байна. 2.3 их наяд гэдэг бол их мөнгө, тэр тусмаа улсын төсвөөс ийм өртөг өндөр, эдийн засгийн өгөөж тодорхойгүй төслүүд санхүүжүүлэх гэж буй бол сайн судалж, тооцоо хийх хэрэгтэй. Бид хоёр долоо хоног ажиллаж судлаад дүгнэлтээ гаргана” гэв. ХҮН нам дотроо Эрчим хүчний сайдад Б.Найдалаа, П.Ганзориг нар нэрээ дэвшүүлж, бодлогын мэтгэлцээн өрнүүлсэн гэнэ. Удирдах зөвлөлийн гишүүдийнх нь олонх түүнийг дэмжсэн ч нэрээ татсан гэдгээ П.Ганзориг гишүүн хэлээд “Б.Найдалаа бид хоёр албан тушаал, эрх мэдэл булаацалдаж муудалцсан тухай мэдээлэл гарсан нь худал” гэлээ.

About Author