МАН нэгдсэн чуулганд ирцээ бүрдүүлнэ гэв
Эх сурвалж: Unuudur.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанд 40 гишүүн танхимаар, намын дарга Н.Учралын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан явсан 12 гишүүн нь онлайнаар оролцжээ. Пүрэв гарагт болох нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулахаар хуваарьт оруулсан байна. Тиймээс пүрэв гарагт МАН-ынхан ирцээ бүрдүүлж чадна хэмээн бүлгийн дарга нь уламжлав.
Тус намын бүлгийн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай анхдагч хуулийн төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын мэдээллийг сонссон юм. Уг хуулийн төслийг дагалдуулан 12 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан аж. МАН-ын бүлгийнхэн хуулийн төслийг хэлэлцээд, дэмжихээр шийдвэрлэжээ. Тус бүлгийн дарга Ж.Батжаргал “Ийм хуультай болох тухай олон жилийн өмнөөс ярьсан. Нийгмийн даатгалын олон давхаргат тогтолцоонд шилжсэнээр үндэсний хуримтлалын систем бүрдүүлж, хөгжлийн томоохон төслүүдээ санхүүжүүлэх боломжтой. Мөн иргэд тэтгэврээ олон эх үүсвэрээс авдаг байх, үүнийгээ өвлүүлэх боломж бүрдэнэ” гэв. Т.Аубакир сайд “Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байна. Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн санд хамрагдаж, 80 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан. Гэвч үүнийг хэрхэн зохицуулах хууль, эрх зүйн орчин нь алга.
Тиймээс хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Гэхдээ хувийн нэмэлт тэтгэврийн санд хамрагдахын тулд иргэн Нийгмийн даатгалын улсын санд заавал даатгуулагч болсон байх шаардлагатай” гэлээ.