АН-ын аймаг, дүүргийн намын хорооны дарга нар тодорлоо

АН-ын аймаг дүүргийн намын хорооны дарга нар тодорлоо

АН-ын аймаг, дүүргийн намын хороод уржигдар хуралдаж, даргаа болон ҮБХ-нд илгээх гишүүдээ сонгосон. Зарим намын хорооны санал хураалт үүр цайтал үргэлжилсэн бол заримынх нь дүн өчигдөр ч гараагүй байлаа. Ямартай ч УИХ-ын гишүүдээс нь С.Эрдэнэбат Дархан-Уул, П.Батчимэг Өвөрхангай,
Ж.Батсуурь Сүхбаатар, П.Мөнхтулга Архангай аймгийн, О.Амгаланбаатар Баянгол, А.Ганбаатар Баянзүрх, Ц.Баатархүү Чингэлтэй, Х.Болормаа Сүхбаатар, Б.Түвшин Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар сонгогджээ. Мөн Г.Цамбагарав Багануур, Н.Гансүх Налайх, Ц.Эрдэмбилэг Багахангай, П.Галиндэв Сонгинохайрханы намын хороог тэргүүлэхээр болсон байна.

Мөн С.Баярцогт Сэлэнгэ, Э.Төмөрбаатар Дорнод, Д.Алтангэрэл Дорноговь, П.Нүрзэд Баянхонгор, Г.Алтангэрэл Орхон, Г.Ганбаатар Булган, Н.Батбаяр Увс, Н.Энхбат Өмнөговь, Б.Лхагвамандал Дундговь, Ж.Бегарыс Баян-Өлгий, Б.Эрдэнэбаатар Завхан, Л.Төмөрчөдөр Төв, Д.Аюурбунь Хэнтий, М.Амарсанаа Ховд аймгийн АН-ыг даргалахаар боллоо.

Аймгуудаас Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл аймгийн дүн гараагүй байв. Хөвсгөл аймагт намын хорооны даргын сонгуульд өрсөлдсөн АН-ын генсек Д.Амарбаясгалан, тус намын гишүүн Х.Эрдэнэбаатар нарын хэн нь ч 50+1 хувийн санал аваагүй учраас дахин санал хураах аж. Тус аймгийн намын хорооны хуралд 149 гишүүн нь оролцсоноос Д.Амарбаясгалан 59, Х.Эрдэнэбаатар 62 хүний санал авч, 26 цагаан хуудас гарсан
бол хүчингүй санал хоёр байжээ.

Үүнээс гадна аймаг, дүүрэг бүрээс тодорхой мандатын дагуу ҮБХ-ны гишүүнээ сонгосон юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга яагаад ч юм Хөвсгөл аймгийн намын хорооноос ҮБХ-ны гишүүнээр сонгогджээ. Уг нь тэр бол Баянхонгорын хүн. Энэ удаагийн сонгууль нь эмэгтэйчүүд, залууст тусгайлан квот олгосноороо онцлог байв. АН-ын ҮБХ-нд нийт 378 гишүүн сонгохоос 40 хувьд нь эмэгтэй гишүүн сонгохоор тусгайлан квот тогтоожээ. Мөн намын хороо бүрээс 39-өөс доош насны тус бүр нэг эмэгтэй, эрэгтэй гишүүн сонгоно. Энэ нь залуучуудын квот гэсэн үг. Тэгэхээр ҮБХ-ны гишүүний 15 хувь нь залуучуудад ногдсон гэсэн үг. Залуу эмэгтэйчүүдээ нийлүүлбэл тус намын төлөөллийн төв байгууллагын 47-48 хувь нь бүсгүйчүүд болох нь.

About Author