Дорноговь аймагт цахим ур чадварыг нэмэгдүүлэх бүх нийтийн хөдөлгөөн өрнөж байна

download (13)

Дорноговь аймагт хэрэгжиж буй “Цахим Дорноговь” арга хэмжээ нь зөвхөн төрийн бодлогын хэрэгжилт төдийгүй иргэн бүрийн оролцоонд тулгуурласан, цахим ур чадварыг бүх нийтийн түвшинд нэмэгдүүлэх хөдөлгөөн өрнөж байна.

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд төрийн албан хаагчид, орон нутгийн удирдлагууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагчид, цэргийн алба хаагчид зэрэг нийгмийн бүхий л бүлгийн төлөөлөл хамрагдаж, өөрсдийн хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадварыг эзэмшиж байна.

Сургалтууд нь оролцогч бүрт шууд хэрэгжих практик мэдлэг олгож байгаагаараа онцлог. Тухайлбал, төрийн албан хаагчид хиймэл оюун ухаан болон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх арга барилд суралцаж байгаа бол иргэд, ахмад настнууд цахим орчинд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, залилан, кибер эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг эзэмшиж байна.

Харин сурагчид, залуусын хувьд кодчилол, хиймэл оюун ухааны анхан шатны ойлголтыг бодит дадлага, хакатон хэлбэрээр суралцаж, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлж буй нь ирээдүйн мэргэжил сонголтод нь чухал нөлөө үзүүлэхээр байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтаар цахим орчны хүртээмж, мэдээлэлд тэгш хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн агуулгыг түлхүү хүргэж байгаа нь энэ удаагийн арга хэмжээний нэг чухал онцлог болж байна.

Энэхүү олон талт сургалтууд нь зөвхөн мэдлэг олгохоос гадна иргэдийн хандлагыг өөрчилж, “цаасан” сэтгэлгээнээс “цахим” хэрэглээнд шилжих бодит өөрчлөлтийг эхлүүлж буйгаараа ач холбогдолтой юм.

Дорноговь аймгаас эхэлсэн энэхүү санаачилга цаашид орон даяар өргөжин, иргэн бүр цахим орчинд аюулгүй, идэвхтэй оролцдог, мэдлэгтэй хэрэглэгч болох суурийг тавьж байна.

About Author