Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа
“Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд аймгийн удирдлагуудад зориулсан сургалт зохион байгуулагдаж нийт 100 гаруй төлөөлөл хамрагдлаа.
Тус сургалтад аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, сумдын Засаг дарга нар, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх бодлого, хэрэгжилтийн талаар мэдлэг, туршлага солилцов.
Сургалтын нээлтийн үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэлсэн үгэндээ төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг баталж, уг санаачилгыг орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо. Мөн тус хөдөлгөөний эхний арга хэмжээг Дорноговь аймагт “Цахим Дорноговь” нэртэйгээр зохион байгуулж байгааг тэмдэглэв. Тэрээр төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэхийн ач холбогдлыг онцлон, орон нутгийн удирдлагуудын манлайлал, хамтын ажиллагаа энэ үйл явцад шийдвэрлэх үүрэгтэйг дурдсан юм.
Сургалтын үеэр цахим хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн хэрэгцээнд нийцсэн шийдлийг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр бодлогын зорилтуудыг танилцуулж, төрийн үйл ажиллагааг илүү уялдаа холбоотой, үр ашигтай болгох боломжуудыг хэлэлцлээ.

Энэхүү сургалт нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааны дахин загварчлалыг эрчимжүүлэх, шинэ технологи, инновацыг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.