Д.Тогтохсүрэн: Намууд жагсаалтаар нэр дэвшигчдээсээ хандив авна
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн 7 хоногт хийсэн. Ажлын хэсгээс ямар заалтуудыг оруулж ирж, дэмжүүлсэн бэ?
-Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт парламентад суудалтай намуудын төлөөлөл орсон. Ардчилсан намаас дөрөв, ХҮН нам, МАН гээд нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Манай ажлын хэсэг хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн.
Нэгд, жагсаалтаар санал авах босгыг дөрвөн хувь болгосон. Өмнө нь гурван хувь байсан. Гэхдээ нийт сонгогчдын биш, санал өгсөн сонгогчдын дөрвөн хувь гэж заасан. Ингэхээр харьцангуй багасаж байна гэсэн үг.
Хоёрт, намаас нэр дэвшиж байгаа хүнд санал өгч болохоор хуулийн төслийг анх өргөн барьсан байсныг нам, эвсэлд санал өгье, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүст санал өгөх боломжгүй гэж үзсэн.
Гуравт, тойрогт нэр дэвшиж байгаа хүн 28 хувийн санал аваагүй бол дахин санал хураана гэсэн байсныг болиулж, хамгийн олон санал авсан нь ялна гэж өөрчилсөн.
Дөрөвт, намууд дөрвөн хувийн босго давсан ч тойрогт нэр дэвшилт 50-иас дээш хувь хийгдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 39 хүнийг тойрогт заавал нэр дэвшүүлнэ. Тэгж байж намууд дөрвөн хувийн босго давж, жагсаалтаар мандат авах боломжтой болно.
Тавд, нэг хүйсийн төлөөлөл 30-аас доошгүй гэж хуулийн төсөлд тусгасан байсан. Өнгөрсөн баасан гаригт 40-өөс доошгүй болгосон байсан.
Зургаад, тойрогт нэр дэвшигчид нэгдсэн нэг сурталчилгааны самбартай байна.
Долоод, ухуулагчдын тоог хоёр дахин багасгасан. Тодруулбал, 200 сонгогч тутам нэг ухуулагч байсныг 400 сонгогч болгон өөрчилсөн.
Наймд, ухуулагчид цалингүй байх ёстой, гэхдээ урамшуулал өгч болно. Урамшуулал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй гэж багасгаж байгаа.
Ест, хэвлэх материалыг 50 хувь багасгасан. Өмнө нь нэр дэвшигч зургаан хэвлэлийн хуудас хэвлэмэл материал тараана гэж байсныг гурван хуудас болгосон. Тэгэхээр нийт гаргах материалыг нь 50 хувь бууруулж байгаа юм.
-Сэтгүүл хийж болох юм уу?
-Болно, тэр нь гурван хэвлэлийн хуудсандаа л байх ёстой.
-Хандивыг хэрхэн тусгаж байгаа вэ?
-ҮХӨ-т оруулсантай холбоотойгоор янз бүрийн хандив, барьцаа, дэнчин авч жагсаалтад оруулах, мандат олгох асуудал гарч магадгүй учраас үүнийг Сонгуулийн хуулиар хааж өгсөн. Нөгөө талдаа жагсаалтаар дэвшигчид намдаа хандив өгч болно. Энэ хандивын дээд хязгаарыг тогтоож өгсөн.
-Хэдийг өгөх вэ?
-Тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн зардлаас илүү гаргахгүй гэж зааж өгсөн. Аудитын газраас тойрог бүрээр сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож өгдөг. Энэ дээд хэмжээнээс хэтрэхгүй гэсэн үг. Өмнөх сонгуулиар 250-500 сая төгрөгийн хооронд байсан. Гэхдээ энэ дүн багасна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр ухуулагч, тараах материал, самбар нь багасгачихсан учраас зардал нэлээд багасна гэж үзэж байгаа. Ийм гол, гол зарчмын өөрчлөлтийн саналыг ажлын хэсэг гаргаад байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлээд дэмжүүлсэн.
-Улс төрийн намууд тойрогт 39 нэр дэвшүүлж байж сонгуульд оролцох эрхтэй болно гэж байна. Тэгэхээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 39 намаас Их хурлын сонгуульд оролцох боломжтой нам байх уу. Өмнө нь ганц, хоёр тойрогт хүнээ дэвшүүлээд л сонгуульд оролцдог байсан шүү дээ?
-Улс төрийн намууд дөрвөн хувийн босгоо давахын тулд зөвхөн тойрогт хүнээ нэр дэвшүүлж байж давах ёстой. Тэгэхгүй жагсаалтад 20 хүн бичихээд манай нам сонгуульд орж байна гэвэл энэ нь оновчтой биш. Тиймээс бид аль аль төлөөллийг нь тэгш хангах үүднээс үүнийг хуульд суулгаж өгч байгаа юм. Харин ч гишүүд улс төрийн намууд тойргоос суудал авбал жагсаалтаар мандат хуваарилъя гэдэг санал гаргаад байгаа. Гаднын улс орнуудад ч ийм зохицуулалттай байдаг юм байна. Гэхдээ ингэж шахаж болохгүй. Харин нэр дэвшилтэд нь хязгаар тогтоож байгаа юм.
-Нийт санал өгсөн иргэдийн дөрвөн хувийн санал авбал нэг Их хурлын гишүүнтэй болно гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Ер нь санал хоёр хуваагдана. Тойрогт нэр дэвшээд хамгийн олон санал авсан хүн гарна. Тэр тусдаа 78. Жагсаалтын 48-ын хувьд улсын хэмжээнд нийт нам, эвсэлд өгсөн саналыг авсан саналаар нь хуваарилна. Их амархан. Нийт авсан саналаа 48-д хуваана. Хоёр сая хүн санал өглөө гэж бодохоор хоёр сая саналаа 48 хуваагаад 50 мянган санал авсан нам нэг, 200 мянган санал авсан дөрвөн нам байна гэх мэтээр хуваагаад явна гэсэн үг.
-Жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрийг нээлттэй байлгахаар хуулийн төсөлд тусгасан байсан ч ажлын хэсэг хаалттай байлгаж өөрчилсөн байна. Ингэхээр намын нэрийн ард нуугддаг гэдэг асуудал чинь гарах юм биш үү?
-Ийм хардлага гардаг. Гэхдээ одоо олон түмэн их хэрсүү болсон. Сонгогчдын боловсролын түвшин өөр болсон. Одоо хамгийн гол нь жагсаалтын 48 нэр дэвшигчээ нам нь өөрөө сурталчилна гэж зааж байгаа. Нэр цэвэр, авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй ийм 48 хүнийг нэр дэвшүүлж байна гэдгээ олон нийтэд зарлаж, сурталчлах юм. Ингэснээр иргэд жагсаалтын 48 хүнийг нь харж, намд сонголт хийх боломжийг нь хангах юм. Тэгэхээр намууд жагсаалтын 48 хүнээ сурталчилж, намдаа санал авахыг хичээнэ.
-Тойрогт нэр дэвшигчид намд мөнгө өгөхийг хуулиар хааж байгаа хэрнээ жагсаалтаар нэр дэвшигчид өгч болно гэж Сонгуулийн хуульд тусгаж байна. Тэгэхээр намд мөнгө өгч тойрог авдаг байдал чинь жагсаалт руу шилжиж байгаа юм биш үү?
-Тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс хандиваа цуглуулна, нам өөрөө хандиваа цуглуулна. Харин дэнчин аваад чамайг жагсаалтад оруулна, тойрогт нэр дэвшүүлнэ, чи нэр дэвших эрх олж авахын тулд тэдэн төгрөг өг гэдэг зүйлийг бүгдийг нь хуулиар хааж өгч байгаа. Дэнчин, барьцаа, мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн хандив, үйлчилгээ авахыг хориглож байгаа.
-Рейтингийн судалгаа хийнэ гээд мөнгө авбал яах вэ?
-Үүнийг үйлчилгээ гээд бичээд хориглосон. Тэгэхээр намд мөнгө өгөхгүй гэсэн үг. Харин жагсаалтаар нэр дэвшигчийн сурталчилгааг нам хийх учраас хандив авч болно. Тэр хандивын хэмжээ нь тойрогт нэр дэвшигчдийн тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.
-Бэхэн тэмдгэлгээ хийх үү?
-Бэхэн тэмдгэлгээ хийнэ. Ардчилсан намаас бэхэн тэмдгэлгээ хийлгэмээр байна, сонгогчдод хяналт тавимаар байна гэж санал гарсан. Тиймээс энэ саналыг нь авсан.
-Сурталчилгааны хугацааг хэд болгож байгаа бэ?
-Сурталчилгааны хоног өмнө нь 22 байсныг 18 болгон бууруулж байгаа.
-Нэмэгдсэн хоёр мандатаа аль тойрогт хуваарилах вэ?
-Хүн амын тоог харгалзан хуваах болов уу гэж бодож байна. Нийслэл дээр л нэмэгдэх байх. Сонгуулийн тойрог, мандатын асуудлыг нэгдүгээр сард УИХ шийднэ. Тэр үедээ шийднэ. Нэр дэвшигчдийг ирэх жилийн тавдугаар сарын сүүлээр тодруулна.
-Танай нам жагсаалтад ямар хүмүүсийг оруулах бол. Ерөнхий сайд нэр дэвшилтэд үеийн шинэчлэл хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр өөрийнх нь багийн гэж нэрлэгдээд байгаа залуучуудыг оруулах уу?
-Сонгуулийн хуулийн дараа Улс төрийн намын тухай хуулийг батална. Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах хоёр хууль нь энэ хоёр хууль. Сонгуулийн хууль бол сонгууль явуулах журамтай холбоотой асуудал. Улс төрийн намын тухай хууль бол улс төрийн намуудыг хариуцлагажуулах, чадавхжуулах асуудал. Өнөөдөр хамгийн чухал асуудал бол улс төрийн намыг чадавхжуулах юм. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг сайн гаргах ёстой гэж бодож байгаа. Ажлын хэсэг ажиллаж байна. Долдугаар сарын 7-ноос өмнө хэлэлцэж батлах ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ хуулиар намууд дотоод сонгуулийн байгууллагуудаараа дамжуулж намын гишүүдээрээ нэр дэвшигчдээ ил тод нээлттэй хэлэлцүүлж, санал авч нэр дэвшилтээ хийгдэг болгоно. Намынхаа гишүүдээр ил тод нээлттэй хэлэлцүүлж, саналыг нь авч нэр дэвшилтийг хийдэг болгох гээд байгаа юм. Тэгэхгүй бол зарим нам ямар хүн нэр дэвших нь мэдэгдэхгүй байж байгаад халааснаасаа нэг хүн гаргаад тавьчихдаг. Тийм байж болохгүй гэсэн зарчмаар хандаж байгаа.
-126 гишүүтэй болж байгаа учраас УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Цаашдаа гишүүн бүхэн үг хэлж, асуулт асуух боломжгүй болно. Энэ өөрчлөлтийг хэзээ хийх вэ?
-Удахгүй УИХ-аас хоёр ажлын хэсэг гаргах гэж байна. Нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хийгдэх хуулиудын төслийг боловсруулна. УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль гэсэн хоёр том хуулийг бид хэлэлцэж баталж, 2024 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх ёстой. Хуулийн төслийг боловсруулахад олон парламентын гишүүнтэй улс орнуудын туршлагыг судална. Нэг гишүүний эрх мэдлийг бууруулна гэхээр хүмүүс сайн ойлгохгүй байх. Үг хэлдэг, санал хэлдэг, ганцаараа попордог, хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй юу ч хамаагүй ярьдаг асуудлууд бүгд хаагдана. Тэгэхээр энэ асуудлыг дээрх хоёр хуулиар зохицуулна. Энэ бол маш том чухал өөрчлөлт.
Хоёр дахь ажлын хэсэг нь санхүү, аж ахуйн асуудлыг хариуцна. 76 гишүүн хуралдаж байгаа байрандаа яаж 126-аа багтаах уу гээд, засвар хийх, шинэ ширээ сандал тавих гээд зөндөө ажлууд байгаа. Энэ 2 ажлын хэсгийг гаргахаар Их хурал дээр бэлдэж байна. Ойрын хугацаанд гаргаад явах байх.
-Чуулганы танхимын ширээ, сандлаа солих уу?
-Би хувь хүний байр сууриа хэлэхэд одоо байгаа танхимдаа 126 гишүүн багтах боломжтой гэж бодож байгаа. Ширээнүүдээ жаахан багасгаад, зайг нь жаахан шахаад хойгуур ажлын хэсэг суудаг хэсгийг чөлөөлөөд гишүүдийн хуралдааны суудал болгоод явах боломжтой гэж үзэж байгаа.
-Гишүүдийн тоог нэмснээр Төрийн ордонд багтахгүй тиймээс ЕТГ-ыг Их тэнгэр рүү нүүлгэнэ гэсэн мэдээлэл гараад байгаа. Иймэрхүү асуудлыг ярьсан уу?
-Төрийн ордонд яаж багтах вэ гээд ярьж байна. Ажлын хэсэг гараад ажиллахаар тэд саналаа боловсруулна. Аюулгүйн байдлын зөвлөлийн ажлын албаныхан гараад Их тэнгэр рүү явж байгаа. Гэх мэтчилэн ажлын хэсэг санал боловсруулаад оруулж ирэх ёстой юм.
Ман сандал, ширээ, өрөө, санал өгдөг, үг хэлдэг төхөөрөмжүүд гээд олон асуудал шийднэ.
-Санал өгдөг, үг хэлдэг төхөөрөмж 126 үг болгох уу?
-Тэгнэ.
-Тэгвэл энэ бүхэнд хэдий хэмжээний санхүүжилт орох бол?
-Одоогоор тодорхой юм алга. Ажлын хэсэг судлаад танилцуулна. Энэ зундаа ажиллаад намрын чуулган нээхэд ийм хэмжээний санхүүжилт шаардлагатай байна, Их хурлын танхим ийм байх нь гэх мэт. Үүнийг нь Их хурал хэлэлцээд зөвшөөрвөл 2024 оны төсөвт суулгана.
-Ярилцсанд баярлалаа.