“ДЦС-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан тендерт оролцож шалгарсан компанийн захирлаас хахууль авчээ

0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны зургаадугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 104 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 797 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Д” нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан бусдаас хахууль авсан гэх;
  • Баянгол дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь хуурамч баримт бүрдүүлсэн байж болзошгүй гэх;
  • Олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Б” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй зүйлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “ДЦС-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э” нь тендерт оролцож шалгарсан компанийн захирлаас хахууль авсан гэх.  

АТГ: Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *