“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар 18 тэрбум төгрөгийн зэс газар ухаж нуусан нь баригдлаа
Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар тэргүүтэй хүмүүс Улаанбаатар хотод жагсаал цуглаан хийж байгаа. Тэд өмнө нь тус компанийн Хөрнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяраас 30 тэрбум төгрөг нэхэмжилж, түүний ах Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж байгаа юм.
Гэтэл өнөөдөр Орхон аймгийн цагдаагийн байгууллагаас хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйлдвэрт гэнэтийн шалгалт хийхэд тус үйлдвэрийн хашаанд 400 тонн зэс газар ухаж булсныг илрүүлжээ.

Тодруулбал, тус үйлдвэрийн үйл ажиллагааг Уул уурхайн яамнаас 2025 оны 8-р сараас эхлэн зогсоож, өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл явуулахгүй байгаа гэсэн тайлбартай байгаа юм байна. Гэтэл ийнхүү үйл ажиллагааг нь яамны шийдвэрээр зогсоосон үйлдвэр нууцаар ажиллаж, өнгөрсөн хугацаанд 8500 тн зэс хууль зөрчин үйлдвэрлэсэн гэсэн мэдээлэл хувьцаа эзэмшигчдээс ирсэн байна.

Энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 380 тэрбум төгрөг бөгөөд асар их хэмжээний мөнгөн дүн бүхий зэсийг нууцаар хууль зөрчин үйлдвэрлэсэн, түүний худалдан борлуулсан, бүр цаашлаад Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар эхнэрийнхээ дансаар ч их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэх мэдээлэл байна. Харин өнөөдөр тус үйлдвэрийн хашаанд 400 тн буюу 18 тэрбум төгрөгийн зэсийг газар ухаж нууж булсан нь баримтаар илэрчээ.

Их хэмжээний өрөнд орж, үйл ажиллагаа нь зогссон учир хохирч байна хэмээн уриа лоозон барьж, ногдол ашиг, мөнгө нэхэмжлэн жагсаж байгаа иргэдийг тэргүүлж буй “Зэс эрдэнийн хувь” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нар өөрсдөө олон зуун тэрбумаар хэмжигдэх зэсийг нууцаар үйлдвэрлэн, нуун дарагдуулж, худалдан борлуулж, байгаа нь хувьцаа эзэмшигч 24 мянган иргэнийг, Монгол Улсын шүүхийг, салбар яамыг хуурч мэхэлсэн ноцтой үйлдэл болж болзошгүй байна.