Умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэгт хөхөнцөр вирусний шинжилгээ нэвтрүүлэв
Уайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний хөхөнцөр (папиллома) вирусний халдвар илрүүлэх шинжилгээнд 30 болон 40 насны эмэгтэйчүүдийг хамруулахаар болжээ. Уг хавдраас урьд чилан сэргийлэх боломжтой ч өнгөрсөн онд 551 эмэгтэй үүгээр оношлогдож, 171 хүн нас барсан байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн хоёр, нас баралтын шалтгааны гуравдугаарт бичигдэж буй юм.
Эрт илрүүлэгт хэрхэн хамруулах талаар ХСҮТ-ийн Бүртгэл тандалтын албаны их эмч Ж.Уранболороос тодруулахад “Хамгийн сайн хийгдэж байгаа эрт илрүүлгийн нэг нь умайн хүзүүний шинжилгээ. Урьд нь зөвхөн эсийн шинжилгээ авдаг байсан бол хүний хөхөнцөр вируснийх нэмэгдэж байна. Одоогоор анхан шатанд ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд шинжилгээ хэрхэн авах, үр дүнг нь яаж тайлбарлах талаар сургалт явууллаа.
Үүний дараа 30 болон 40 настай эмэгтэйчүүдээс хүний хөхөнцөр вирусний PCR шинжилгээ авна. Манай улсад ийм насны 45 мянган эмэгтэй байна. Энэ онд 20 мянган эмэгтэйг хамруулахаар төлөвлөсөн. Хөхөнцөр вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гол шалтгаант хүчин зүйл.
Хэрэв шинжилгээгээр тус вирус илэрвэл умайн хүзүүний хавдар тусах эрсдэлтэй гэж үздэг. Вирус илэрсэн тохиолдолд эсийн шинжилгээ өгөх ёстой. Үүгээр вирус тухайн хүний биед ямар нөлөөлөл үзүүлж байгааг тодорхойлно. Харин хариу нь сөрөг гарвал эсийн шинжилгээ өгөх шаардлагагүй” гэв.