XVII, XVIII зууны үед хамаарах эртний ховор бичвэрүүдийг Монголд буцаан шилжүүлэв
Швейцарын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг манай улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд өнгөрсөн долоо хоногт болов.
Эхнийх нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга юм. Энэхүү бүтээлийг Сэрэгэтү гүүш цорж хэмээх нэрт лам Түмэдийн нөлөө бүхий ноён Онбо хунтайжийн захиалгаар орчуулсан бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 он орчимд дуун хөрвүүлсэн байх магадлалтай аж. Уг эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог.
Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн, монгол бичиг дээрх Гэсэрийн баатарлаг туульсийн ховор эх юм. Уг хэвлэмэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй эх сурвалж болно гэдгийг судлаачид онцолжээ.
Энэхүү хоёр бичвэр өмнө нь судлаач Рихард Эрнстийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжин ирсэн бөгөөд маш олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж байна. Эдгээр үнэт бичвэрийг буцаан шилжүүлэхэд Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд түүний монгол судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгаа, шинжилгээ, мөн тус сургуулиас гаргасан албан ёсны шийдвэрийн үр дүн гэдгийг энэ үеэр талууд онцлон тэмдэглэсэн байна