“Covid-19 цар тахлын үед төсөв тэлсэн нь одоо асуудал болж байна”

narantsogt-810x500

Ойрхи дорнодын мөргөлдөөн цаашдаа удаан үргэлжилбэл нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч, улмаар инфляцид нөлөөлнө. Тэгэхээр Төв банкнаас зах зээлд мөнгө нийлүүлбэл инфляцийг улам нэмнэ. Энэ хэрээр иргэдийн амьдрал болоод аж ахуй нэгжид ирэх дарамт нэмэгдэнэ.


АНУ-ын Вашингтон хотод энэ сарын 13-18-ны хооронд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хамтарсан чуулга уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Сангийн дэд сайд Б.Хулан болон холбогдох албаны төлөөллүүд оролцсон. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Энэ удаагийн чуулга уулзалтаар Ойрхи дорнодод үүсээд байгаа мөргөлдөөн олон улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх юм, үүнээс яаж сэргийлэх талаар хэлэлцлээ. Үүсээд байгаа нөхцөлд байдалд эсрэг арга хэмжээ авч байгаа орнуудын туршлагыг нэгтгэж, нэгдсэн байдлаар бодлогын зөвлөмж гаргана. Ойрхи дорнодын мөргөлдөөн зарим талаараа Covid-19 цар тахлын үетэй төстэй. Тухайн үед олон орон халамжийн болон төсөв тэлэх арга хэмжээ авсан. Улмаар цар тахлын дараа энэ авсан арга хэмжээгээ буцаагаад зогсооход хүнд байсан. Монгол Улсад ч энэ үед төсөв тэлсэн. Ингэснээр урсгал зардал нэлээд асуудал болсон. Тийм учраас энэ удаагийн мөргөлдөөний үед дээрх шиг нийтлэг арга хэмжээ авах нь зохимжгүй гэж үзэж байгаа. Гэхдээ улс орон болгон өөрсдийн эдийн засгийн боломжид тохируулан арга хэмжээ авах нь зөв.

Хоёрдугаарт, дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж байгаа тохиолдолд үүний эсрэг улс орнууд үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх нь сөрөг үр дагавартай гэдгийг хэлж байна. Харин шатахууны нийлүүлэлтийн цочирдолд хамгийн их өртөж байгаа эмзэг бүлгийг нарийвчлан тогтоож тэдгээрт чиглэсэн дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдэг нэгдсэн дүгнэлт гаргалаа.

Монгол Улсын хувьд онцлогтой, Ойрхи дорнодоос нефтийн бүтээгдэхүүнээ авдаггүй, ОХУ-аас импортолдог. Гэхдээ тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн Сингапурын биржийн үнээр явдаг учир үнийн тухайд гарцаагүй нөлөөлнө. Тэгэхээр бид нар хойд хөрштэйгөө дипломат аргаар үнээ тогтворжуулах тал дээр Засгийн газар нэлээн идэвхтэй ажиллаж байгаа. Энэ бол зөв арга хэмжээ.

Цар тахлын үед төсвөө тэлсэн нь одоо маш том асуудал болж байгаа. Тиймээс Ойрхи дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлын эсрэг Covid-19 цар тахлын үед авч байсан шиг тодорхой арга хэмжээ авах орон зай төсөвт маш бага байна.

Мөргөлдөөн цаашдаа удаан үргэлжилбэл нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж улмаар инфляцад нөлөөлнө. Тэгэхээр Төв банкнаас зах зээлд мөнгө нийлүүлбэл инфляцийг улам нэмнэ. Энэ хэрээр иргэдийн амьдрал болоод аж ахуй нэгжид ирэх дарамт нэмэгдэнэ. Харин стратегийн ач холбогдол бүхий тодорхой салбарт эх үүсвэрийг нь бууруулах зохицуулалт хийх хариу арга хэмжээ авах төлөвлөгөө бий.

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1529393915370314%2F&show_text=false&width=476&t=0

About Author