Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын нээлт боллоо
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын нээлт Сүхбаатарын талбайд боллоо. Наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг 22 орноос 160 уран бүтээлч Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, цахимаар 120 уран бүтээлч оролцож байгаа юм. Мөн наадамд зургаан улсын 20 гаруй, Монголын 300 гаруй гар урлаач оролцож, Сүхбаатарын талбайд бүтээлээ дэлгээд байна.
Наадмыг нээж Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-“Asia Folk 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байсан бол энэ удаа Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буйгаараа онцлог. Бидний зүгээс уг наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа Азийн улс, үндэстнүүдийн өв соёл, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын нэгэн том брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгахад таатай байна хэмээсэн юм.
Энэ удаагийн наадмаар гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулахын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон сургалт зэрэг олон үйл ажиллагаа болж буй.
Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал хүрэлцэн ирсэн зочид болон хамтран зохион байгуулж байгууллагууддаа талархал илэрхийлж, оролцогч нарт амжилт хүссэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС