Яамгүй сайд нарын орон тоог хасаж, өмнөх кабинетын ихэнх гишүүнийг үлдээх хувилбарыг парламентын шинэ гишүүд эсэргүүцэв

Шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх нь олон нийтийн анхаарлын төвд байгаа.
Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлдэг жишгийн дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг өнөөдөр УИХ-д оруулна хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн парламентын гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ мэдэгдсэн. Мөн төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ гэсэн нь танхимыг сайд нараа хэдийнээ тодруулаад үүрэг даалгавар өгөөд эхэлжээ гэж бодогдохоор.
Ямартай ч эхний байдлаар танхимдаа үлдэх болон явах сайд нарын нэрс бичигдэж, Засгийн газрын бүтэц зурагджээ.
Бага хурлын гишүүд болон УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхий сайдыг тодруулж, томилохдоо Засгийн газрыг цомхон болгох нь зүйтэй гэдэг санал хэлж байсан. Г.Занданшатар ч тэрхүү саналыг дэмжсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тиймээс эхний ээлжид асуудал эрхэлсэн буюу яамгүй сайд нарын орон тоог хасах дээр эрх баригч намын удирдлагууд санал нэгдээд байгаа аж. Тодруулбал, 20 минутын хот Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хяналт, үнэлгээний Үндэсний хороог татан буулгахаар болжээ.
20 минутын хот Үндэсний хороо – Р.Эрдэнэбүрэн /АН/
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо – Б.Тулга /МАН/
Хяналт, үнэлгээний Үндэсний хороо – Э.Одбаяр /АН/ нар ахалж байсан юм.
Түүнчлэн өмнөх кабинетын сайд нарын дийлэнхийг үлдээхээр болсон гэдэг мэдээлэл байгаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 16 яам, 22 сайдтай байсан бөгөөд МАН-ын Бага хурлын шийдвэрээр АН-ын 8 сайд танхимаас гаргаад байсан. Харин шинэ Засгийн газар АН-ын сайд нарын оронд шинээр хүн томилж, өмнөх бүрэлдэхүүнийг нь бараг хэвээр үлдээх хувилбар яригдаж байна. Өмнөх сайд нараас зөвхөн Соёлын сайд Ч.Номин үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Т.Мөнхсайханыг Ж.Чинбүрэнгээр солих чимээ сонсогдоод буй. Ийнхүү бусад буюу Н.Учрал, С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Батцэцэг, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нар хоорондоо солигдохоос бус дан дээлтэй болохгүй нь.
Гэвч дээрх хувилбарыг эрх баригч намын зарим гишүүн эсэргүүцээд эхэлжээ. Тухайлбал, УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд Э.Болормаа гишүүний албан бланканд гарын үсэг зурж, өмнөх засагт ажиллаж байсан сайд нарыг улираахгүй байхыг шаардаж байгаа аж. Уг албан бичигт 30 гаруй гишүүн нэгдсэн байна. Уг шаардлагад нэгдсэн гишүүд өмнөх Засгийн газрын гишүүд хамтаараа хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа аж.
Үүнээс гадна Х.Баасанжаргал гишүүн шинэ Ерөнхий сайдад хандан танхимаа бүрдүүлэхдээ жендэрийн тэгш байдлыг хангахыг шаардаж албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт нийт 51 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд тэдний 29 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй гишүүн байгаа талаар Х.Баасанжаргал гишүүн хэвлэлд ярьжээ.