УИХ баасан гарагт сонгуулийн хууль тэргүүтэй 31 хуулийг эцэслэн баталжээ

0

Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн (2023.06.16) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд зэрэг нийт 31 хуулийн төслийг эцэслэн баталжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хууль, тогтоолын төслүүдийг 95.3-100.0 хувийн саналаар батлав.

Тэр дундаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95.7, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 100.0 хувийн саналаар батлагдав. Уг тогтоолоор, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон холбогдох бусад хуулиудыг хэлэлцэн батлах, боловсруулах, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, органик болон процессын хуулиудад өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл өгч буй юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, энэхүү өөрчлөлтөд парламент дахь намын бүлгүүдийн саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намын үзэл бодлыг тусгаж баталж буйг онцлон дурдсан юм.

Тэрбээр, Монгол Улсыг хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, хагаралдуулсан байдалд байлгахыг хүсдэг олон эрх ашгууд бийг сануулж, тэр бүхэнд авталгүй, нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж, улс төрийн намууд нэгдмэл санаа зорилготой Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг онцгойлон тэмдэглээд, цаашид эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал энэ удаагийн нэмэл, өөрчлөлтөөр дуусгавар болж байгааг чухалчлан өгүүлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *