ИЗНН-д тохиолдсон “зовлон”

_ИЗНН-д тохиолдсон “зовлон”

Эх сурвалж: Unuudur.mn

Парламентад суудалтай дөрвөн намын нэг болох ИЗНН-ынхан сүүлийн үед дотроо талцалтай байна. УИХ-д сонгогдсон дөрөвхөн гишүүн нь дөрвөн тийш харчхаад, албан тушаал, эрх мэдэл хайж, саналаа худалдах болсноос энэ бүхэн эхтэй юм. Тэдний дотор М.Нарантуяа-Нара хэмээх нэг дарамтлагчбий. Тэрбээр энэ намын, цаашлаад парламентын нэр хүндийг унагахад бодит хувь нэмэр оруулж яваа нэгэн. Мөн намаа хоёр хувааж, эрх баригчдын “бууны нохой” болж, олон нийтэд танигдаад буй Р.Батболд хэмээх гишүүн байна. Анхны казах эмэгтэй гишүүн гэсэн тодотголтой С.Замира хэмээх “дуугүй” гишүүнтэй. Тус намын дарга Б.Батбаатар зарим нэг хүний өөдөөс олигтой ч үг хэлж зүрхэлдэггүй “ноомой” нэгэн.
Гэхдээ энэ бол түүний ил харагдах дүр төрх. Эдгээр хүн ИЗНН-ын нэрээр хууль тогтоох байгууллагын өндөр босгыг алхсан ч ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, буруу булхайн эсрэг тэмцэх иргэний зориг гаргасангүй. Харин хувийн амьдралаа өөд татах, хэтэвчээ түнтийлгэх, үүлэн чөлөөний нар мэт олдсон багахан хугацааг ашиглан эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн төлөө л хоорондоо “алалцаад” буй нь харамсалтай. Уг нь ИЗНН ийм “наймааны нам” байгаагүй юм. Бас эл “эмзэг” үед нь АН-ын туршлагатай хоёр ч улс төрч тус намд элссэн нь нэгийг хэлнэ.

Б.Батбаатар VS Р.Батболд

Өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд ИЗНН байгуулагдсаны 26 жилийн баярын хурал болсон. Гэтэл үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Р.Батболд хэсэг хүний хамт Онц их хурал зохион байгуулж, дарга Б.Батбаатарыгаа “хөөж” орхисон юм. Тэд намын даргыгаа ИЗНН-ыг хамаатнуудаараа дүүргэж, удирдах байгууллагыг нь эзэллээ, төрөөс олгож буй санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулахгүй байна хэмээн шүүмжилсэн. Мөн Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж үндсэн дүрмээ өөрчлөн хүргүүлсэн ч Дээд шүүхийн босго давж чадахгүй байгаа нь даргынх нь буруугаас болсон гэсэн юм. Тиймээс түүнд хариуцлага тооцон огцруулж, улмаар Р.Батболдыг намын даргаараа сонгосон гэнэ. СЕХ-ноос 2025 онд ИЗНН-д 445.6 сая төгрөгийг төрийн санхүүжилт хэмээн олгосон аж. Үүнийг хуульд заасны дагуу зарцуулаагүй учраас Б.Батбаатарыг шалгуулахаар АТГ-т ч өгчээ. Мөн Р.Батболдыг намын даргаар сонгосон тухай Онц их хурлын шийдвэрээ албажуулахаар энэ сарын 9-нд Дээд шүүхэд хандсан байна.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар энэ талаар “Намын эрх мэдлийг хууль бусаар авах, ИЗНН-ыг “хүүхэлдэй” болгох оролдлого хийж байна. Энгийн гишүүдийг төөрөгдүүлж, намын нэрийг ашиглахыг зөвшөөрөхгүй. ИЗНН хэн нэгний улс төрийн хэрэгсэл биш. Бид бизнес, улс төрийн бүлэглэлийнхний захиалгаар ажиллахгүй, хэн нэгний захиалсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй, үзэл баримтлалдаа үнэнч байна, зарчмаа худалдахгүй” гэсэн тайлбар өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн Р.Батболдыг ИЗНН-ын дарга болгоод Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнээ нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаа аж. Бас Онц их хурлын шийдвэрийг Дүрмийн хороогоороо шалгуулна гэсэн. Тэр ёсоор Дүрмийн
хороо нь хуралдаад, “Намын дүрмийн 18.1д “Намын удирдах дээд байгууллага нь Их хурал байна” гэж заасан. Мөн Р.Батболдыг намын Их хурлын бүрэн эрхэд халдсан үйлдэл гаргасан” хэмээн үзжээ. Онц их хурал гэдэг бүтэц энэ намд үгүй юм байна. Мөн Дээд шүүхэд илгээсэн бичигтээ хуучин, хүчингүй болсон тамга ашигласан байж болзошгүй, энэ нь эрүүгийн хариуцлага тооцох үйлдэл гэжээ.

Сураг чимээгүй, “танихгүй” эл гишүүн ийнхүү гэнэт хэлд орж, нэр цэвэр явсаар ирсэн ИЗНН-ыг хагалан бутаргахаар оролдож буй нь олны анхаарлыг татахаас аргагүй. Эдийн засагч мэргэжилтэй, менежер, зөвлөх хийж явсаар жагсаалтаар, азаар гишүүн болсон тэрбээр ийнхүү гэнэт “сэрсэн”-ийг Б.Батбаатарын хэлж буйгаар хардахаас аргагүй. Засгийн газарт ИЗНН үргэлжлүүлэн ажилласан бол түүний оронд сайд болоод үзчих хүсэл Р.Батболд гишүүнд байсан биз. Гэвч тэр нь бүтсэнгүй. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болсон намыг тэргүүлэх, санхүү, эрх ашиг гээд “тэмцэх” шалтгаан байсан биз ээ. Тэрбээр нэгэн мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа “Би энгийн гишүүдийнхээ шаардлага, хүсэлтийн дагуу л ажиллаж байна. Миний ард хэн нэгэн байхгүй. Ингэж гүтгэсээр байвал шүүхэд өгнө” гэжээ. Гэхдээ өөрөө шүүгдэх эрсдэл ийнхүү үүсэж, намын эрхийг гартаа авах оролдлого нь бүтэлгүйтэж мэдэхэд хүрэв.

Эвтэй биш, сэвтэй дөрөв

Энэ намынхан ийнхүү хоёр даргатай ч юм шиг болсон нь ИЗНН улс төрийн тавцанд эрэлттэй байгаагийн шалтгаан мөн. Өөрөөр хэлбэл, парламентад талцах хэмжээний төлөөлөлтэй, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх бүхий нам болсон тул “томрохын зовлон” тохиолдож
байна. Ганц гишүүнтэй байсан бол түүнтэй хэн эрх мэдэл булаацалдах билээ. Дур эзнээ голохгүй гэдэгчлэн сайд болоод үзчих нууцхан хүсэл М.Нарантуяа-Нарад ч, Р.Батболдод ч байсан. Н.Учрал танхимдаа ИЗНН-ыг урих, эсэх нь тодорхойгүй байхад Нара яаж Р.Батболдтойгоо арцалдаж, “Тэгж яривал би байгаль орчинтой хэдэн жил илүү ойр ажилласан, тэр яахаараа миний өмнүүр ордог юм” хэмээж байх вэ. Тэдний “адал явдал” дуусахгүй нь. Өнгөрсөн долоо хоногт энэ хоёр гишүүн хоорондоо муудаж, Р.Батболд нь нөгөөхөө зодох шахсан гэнэ. Нара, С.Замира, Р.Батболд нар байнгын хороодод нэрээ сольж хуваарилах талаар хуралдсан аж. Тэд анхнаасаа байнгын хороодын харьяаллаа жил жилээр солихоор
тохиролцсон ч Р.Батболд гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооноос гармааргүй байсан бололтой.
Тиймээс намын дарга нь хүртэл энэ талаар УИХ-ын даргад бичиг хүргүүлсэн байна. Гэтэл С.Бямбацогт дарга эл “хов”-нд нь цучил нэмж, “Энэ гишүүнийг гарга, оронд нь намайг оруул” гэсэн бичиг ирүүлсэн хэмээн нэгдсэн чуулганы үеэр ярьсан юм. Ямартай ч байнгын хорооны харьяаллыг солих бичигт С.Замира гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ. Тэгтэл Р.Батболд гишүүн уурлаж, үүнийгээ арилга хэмээн загнасан байна. Энэ талаар Нара “Р.Батболд ямар С.Замира гишүүний эзэн үү” гэжээ. Бас бие дааж ажиллаж чадахгүй байна хэмээн казах эмэгтэйг шүүмжилдэг атлаа Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг бүү дэмж хэмээн өөрөө шахалт үзүүлсэн аж. Энэ талаар
С.Замира гишүүн “Намайг Нара гишүүн уг төслийг бүү дэмж гэж шахсан. Би дэмжиж санал өгсөн учраас үзэл бодлын зөрчил гарч маргаан үүссэн” хэмээн ярьсан. Тэгэхээр ядарсан хүнд ноён олон гэгчийн үлгэр С.Замира гишүүнд тохиолддог байх нь. Төлөв, дарууг нь далимдуулан Нара ч, Р.Батболд нь ч түүнийг “дээрэлхдэг” юм байна. Дээрх төслийг УИХ-аар хэлэлцэхээр дэмжсэн. Баталбал хамгийн түрүүнд эгүүлэн татагдах ёс зүйгүй гишүүн бол М.Нарантуяа-Нара. Тиймээс тэрбээр маш их эсэргүүцсэн билээ.

Нара ер нь ИЗНН-ын бусад гишүүнээ ч дарамталдаг нь нууц биш. Өнөөх “Миний хүчинд та нар гишүүн болсон” гэдэг хуурай агсамналаа байнга урсгана. Уг нь сонгуулийн холимог тогтолцоо, ИЗНН-ыг байгуулсан өмнөх улс төрчдийн намаа нэр цэвэр авч явсны ачаар л тэд өнөөдөр энд байгаа юм. Намын дарга Б.Батбаатар нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл хэлэлцүүлэхээр санал авч буй. Нара ч өөрөө уг нь ийм төсөл мөн санаачилсан нэгэн. Гэвч Ерөнхийлөгчийн төсөл өөрт нь илүү “халгаатай” учраас эсэргүүцэж байгаа бололтой. Тэгвэл тэр намын даргыгаа ч “дарамталжээ”. Б.Батбаатар, Нара нар хамт зогсоод уг төслийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн хэвлэлийн хурал хийнэ лээ. Мөн энэ
сарын 20-нд С.Зориг агсны хөшөөнд хамтдаа цэцэг өргөж яваа харагдсан. ИЗНН-аас өмнө нь гурван хүн УИХ-д сонгогдсон түүх бий. Гэвч тэд эв найртай хамтран ажилладаг байв. Харин энэ удаа дарангуйлагч, бууны нохой, базуулсан дарга, дарамтлуулсан гишүүн нар нэг дор “хамтарсан” байна. Эвтэй дөрвөн “амьтан” байж болох байсан ч тэд сэвтэй дөрөв болж хувирчээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, насандаа ганц тохиох боломжийг эдлэх хүсэл Б.Батбаатарт бий. Хэдийгээр Р.Батболдтой харьцуулахад УИХ-д хоёр дахиа сонгогдсон, улс төрд олон жил “хатаагдсан” хэдий ч Б.Батбаатар Төрийн тэргүүнд хэтэрхий жулдана. Энэ нам түүхэндээ ганцхан удаа буюу 2001 онд нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуульд АИХ-ын төлөөлөгч асан, академич, зохиолч Л.Дашнямыг нэр дэвшүүлж байв. 2005 онд ИЗНН-ынхан БНН-тай нэгдэж, Б.Жаргалсайхан өрсөлдсөн. Үүнээс хойш 2009, 2013, 2017 онд АН, 2021 онд харин МАН-ыг дэмжсэн. Харин энэ удаа тэд бие даан өрсөлдөх гэж буй учраас том намуудын анхаарлыг татаж, улмаар дотроос нь хагалан, бутаргах оролдлого гарч байх шиг. ИЗНН-д үнэндээ хүлээн зөвшөөрөгдөхүйц лидер үгүй. С.Оюун намаа орхиж, олон улсын байгууллагад ажиллах болсноос хойш ИЗНН хоёр сонгууль дараалан бүдэрсэн юм. Харин энэ удаа боломж олдсон, гэвч шалгуурт тэнцэхгүй, сайн дурынхныг оруулж ирснээрээ нэр нүүрээ баллаж байна.
Гэхдээ зөв хүн нэр дэвшүүлбэл ИЗНН-д боломж бий. Тиймээс ч АН-ын туршлагатай улс төрч Я.Санжмятав, Д.Одхүү тэргүүтэн энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, цаашлаад УИХ-ын сонгуульд жагсаалтад урдуур бичүүлж гишүүн болох зорилго өвөртлөн ирж буй байх. Я.Санжмятав бол Б.Батбаатарын дэргэд далайцтай улс төрчдөө орно. Мөн энэ сарын 26-нд тус намынхан Их хурлаа хийхээр товложээ. Үүгээр болоод буй талцал, асуудлаа нэг тийш шийдэж чадах, эсэхийг харъя. Ирэх он хүртэл ИЗНН-ын дөрвөн гишүүн нэгнээ барьж аваад зодчихгүйхэн шиг байж чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан үзээд алдах нь.

About Author