Манайхан Ташкентэд медалийн хур буулгаж байна
Узбекистаны Ташкент хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх 100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг оролцож байна. Тус тэмцээний эхний хоёр төрөлд Монголын тамирчид 18 алт, 23 мөнгө, 15 хүрэл медаль хүртэв. Блиц (түргэн) төрөлд эрэгтэйчүүдээс Б.Өлзийбаяр, Л.Тэмүгэ нар алт, Ц.Хувь-төгөлдөр мөнгө, эмэгтэйчүүдээс Г.Минжинсор хүрэл медаль зүүв. Рапид (түргэвчилсэн) төрөлд
Б.Өлзийбаяр, Г.Минжинсор нар түрүүлж, Х.Дэлгэрмөрөн удаалан, Ц.Хувьтөгөлдөр III, Д.Дамдинпүрэв IV байр эзэлжээ.
Үндсэн төрөлд Б.Өлзийбаяр, Г.Минжинсор, Л.Тэмүгэ, Д.Дамдинпүрэв нар аваргалж, Ц.ХувьТөгөлдөр хүрэл медаль гардан, Т.Мөнхдалай, Х.Дэлгэрмөрөн нар IV байрт орсон юм. Манайхан 64 буудалт болон турк даамын төрөлд өнөөдөр өрсөлдөнө.
Монголын баг үндсэн төрөлд насанд хүрэгчдийн ангилалд III, рапид болон блиц төрөлд 14-16 насныхны ангилалд тус бүр тэргүүлсэн байна.