АН: Хэн нэгнээс хамааралгүй “Нэг монгол” хөдөлгөөнийг өрнүүлнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.06.19/ мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Бид өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, том хуулиудыг хэлэлцэж, одоо бас нэг чухал хууль болох Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна. Ирэх долоо хоногоос байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар орж, өрнөх байх. Үндсэний бодлогын хорооноос дэд ажлын хэсэг гарч, ажиллана. Хоёрт, Засгийн газраас УИХ-д Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж өргөн бариад, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. Бид энэ хөтөлбөрийн тухай мэдээлэл авч хэлэлцлээ. Зарчмын хувьд дэмжиж оролцох нь зүйтэй гэж шийдлээ.
Улс төрийн намын тухай хууль одоогоор батлагдаагүй байна. Энэ хуульд намын дэнчин, хандив, санхүүжилтын ил тод байдал гэдэг бүхэл бүтэн бүлэг орж байгаа. Бид саналаа нэгтгэж ажиллана. Дэнчин, татвар, хандивыг хориглож, ил тод нээлттэй байх гэдэг зүйл заалтыг Ардчилсан намаас бүрэн дэмжин ажиллана.
Намынхаа төлөө ажиллахаар “Нэг монгол” хөдөлгөөнийг байгуулсан. Зарим нь Орос улстай холбож тайлбарлаж байх шиг байна. Би 2022 оны хоёрдугаар сарын 28-нд “Дайн буруу. Түрэмгийлэл үүсгэж байгаа улсын буруу. Ардчилсан улсын үзэл баримтлал ийм байх ёстой” гэж мэдэгдэл хийж байхад иргэдийн 95 хувь нь эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд оролцсон, УИХ-ын гишүүдээс санаачилсан “Нэг монгол” хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ хөдөлгөөн Ардчилсан намын эв нэгдлийг барьж, намын үйл ажиллагааг бэхжүүлж, сайжруулах, Сонгууль болон Улс төрийн намын тухай хууль хэлэлцэж буй энэ цаг үед гишүүд дэмжигчдийнхээ чадавхыг сайжруулах зорилготой. Тэрнээс биш бүлэг байдлаар асуудалд хандахгүй. Бусад хүмүүстэй холбож, олон нийтийн сүлжээнд бичиж байна. Хэн нэгэн хүнээс хамааралгүй гэдгийг хэлье.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
-Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Сонгуулийн хууль бас батлагдсан. Ингэснээр эмэгтэйчүүдэд ээлтэй зүйл заалт орж чадсан. Тиймээс эмэгтэй гишүүдээ бэлтгэх ажлыг хийж, шинэ шатанд гаргах, туслах тал дээр хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Миний хувьд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж энэ зургадугаар сард Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулганыхаа хурлыг зарлаж, тэргүүнийхээ суудлыг өгөхөөр бэлдэж байна.
Манай намд шинэ залуу үеэ оруулж ирэх нь чухал. Мэдээж ахмад, дунд насныхан, залуу үеийн төлөөлөл байх хэрэгтэй. Одоо парламентад суух эмэгтэйчүүдээ бэлтгэх чухал ажлыг хийх ёстой. Эмэгтэйчүүдийн 30/300 хөтөлбөр улс даяар хэрэгжиж эхэлсэн. Бид хариуцлагатай хандаж ажиллана.