Л.Оюун-Эрдэнэ Ж.Эпштэйнтэй холбоотой асуудлаар Засгийн газраас тайлбар шаардлаа

c161b8a49af0de71296451d8b1989165

Эх сурвалж: Zuv.mn

Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Жеффри Эпштэйнтэй холбоотой олон улсын хэмжээнд ил болсон баримтууд Монгол Улсын эрх ашигт нөлөөлж болзошгүй эсэхийг тодруулах зорилгоор Ерөнхий сайд Ням-Осорын Учралд албан ёсны асуулга хүргүүлжээ.

Жеффри Эпштэйн нь насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн хэргээр шалгагдаж байхдаа нас барсан бөгөөд түүний хэрэг олон улсын анхаарлын төвд хэвээр буй.

Тэрбээр зөвхөн санхүүч, гэмт хэрэгтэн байгаагүй,улс төрд нөлөөтэй, Израилийн өндөр албан тушаалтнууд болон тагнуулын албатай холбоотой байсан байж болзошгүй баримтууд мэдэгдсэн. Ийм хүн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нартай холбоотой байсан байж болзошгүй баримтууд ил болсон нь энэ хүний үйл ажиллагаа Монгол Улсын эрх ашигт хор хохирол учруулсан байх вий болгоомжлолыг төрүүлж байгаа юм.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гишүүн дээрх харилцаанаас болж  Монгол иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэх, мөн улс төр, эдийн засгийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой байж болзошгүй асуудлыг нягтлах шаардлагатай гэж үзсэн байна.

Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой зэрэг ордуудтай холбоотой мэдээлэл гарсан гэх үндэслэлээр Засгийн газрын түвшинд албан ёсны тайлбар авах шаардлагатайг тэрбээр асуулгадаа онцолжээ.

Л.Оюун-Эрдэнэ гишүүний зүгээс уг асуудалд холбогдох аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

About Author