Монгол Улс ОХУ-аас 1.9 сая долларын өндөг импортолжээ
Монгол Улс ОХУ-аас 2026 оны эхний улиралд 1.9 сая ам.долларын үнэ бүхий тахианы өндөг импортолж, тухайн хугацаанд хамгийн том худалдан авагч орон болсон талаар ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа Агроэкспорт төв мэдээллээ.
Энэ оны эхний гурван сарын байдлаар ОХУ нийт 4600 тонн өндөг экспортолж, 6 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг баталснаар жилд 90 сая ширхэг хүртэлх өндөгний импортод ногдох гаалийн татварыг 50 хувиар бууруулж, 7.5 хувийн татвар ногдуулах нөхцөл бүрдээд байгаа юм. Дотоодын үйлдвэрлэлийн хувьд, үндэсний үйлдвэрлэгчид өнгөрсөн онд нийт 395 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээний 76 орчим хувийг хангажээ. Харин үлдсэн 24 хувь буюу ойролцоогоор 120 сая ширхэг өндгийг импортоор хангасан байна.