Үерийн ус жоншны уурхай руу орсноор хоёр ажилтан уурхайн гүнд гацжээ

0

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн “Өндөр-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 182 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ 06.18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас үерийн ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй цооног руу урсан оржээ. Тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан 2 ажилтан гарч ирж чадаагүй тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 20:25 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:50 цагт очиход жоншны уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн уурхайн цооног үерийн усаар дүүрсэн байжээ. Уурхайн гүнд ажиллаж байсан ажилтан Ж /40 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/, С /33 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/ нар гарч ирж чадаагүй тухай мэдэгдсэн тул “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай 1 насос авчирч суурилуулан 03:35 цагт усыг соруулах ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар 06:30 цагийн байдлаар уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулсан. Мөн “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай 1 насос татан авчруулжээ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 06.19-ний өдрийн 05:20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлсөн аж.







About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *