Н.Өсөхбаяр баярлах болоогүй

Улсын гарди Н.Өсөхбаяр Эрүүгийн цагдаад гомдол гаргалаа

Эх сурвалж: 24tsag.mn

Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын өргөдөлтэй үр дүнгийн удирдлагын багт холбогдох Давж заалдах комиссын хуралдаан өчигдөр болов.

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын хуралдаанаас гарсан шийдвэр нь допингийн шинжилгээ авах үйл явц болон дээж тээвэрлэлтийн шатанд ноцтой процессын алдаа гарсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь олон улсын стандарт, журмаас илт гажсан ажиллагаа явуулсан болохыг онцлон дүгнэсэн байна.

Дэлгэрүүлбэл, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Н.Өсөхбаярын сорьцыг 19 цаг орчим тээвэрлэх явцын баримтыг гаргаж өгөхийг Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитраас шаардсан байна. Шаардлага нь маш энгийн. Сорьцыг шинжилгээнд орох хүртэл тээвэрлэсэн онгоцны дугаар болон автомашины дугаар, зорчих тасалбар зэрэг баримтуудыг гаргаж өгөхийг хүссэн байна. Сүүлдээ ч шаардаж.

Харин Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Өгөх боломжгүй гэж тайлбарлажээ. Н.Өсөхбаярын биеэс допинг илэрсэн, илрээгүйн асуудал өчигдөр огт яригдаагүй. Нэгэт түүний биеэс допинг илэрсэн нь тогтоодсон бөгөөд тээвэрлэлтийн явц дахь нотлох баримтыг гаргаж өгөхгүй бол процессын алдаа гарсан гэж заалдаж байгаа нь Н.Өсөхбаяр барилдах эрхтэйгээ, цолтойгоо үлдэх гэсэн сүүлчийн боломж байв.

Нотлох баримт хэрэв гарч ирэхгүй бол Н.Өсөхбаяр гарьд цолтой, мөн бүх шатны барилдаанд барилдах боломж үүснэ. Гэхдээ тэр допинг хэрэглэсэн, түмэн олноо хуурсан нь туйлын үнэн. Н.Өсөхбаяр баярлах болоогүй, асуудал дуусаагүй. Хэрэв тээвэрлэлтийн үеийн нотлох баримтууд гарч ирвэл түүний гаргасан асуудал хаашаа ч үгүй мухардана.

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас 4-5 сарын хугацаанд шаардсан нотлох баримтыг гаргаж өгөхгүй аваас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг ирэх долоо хоногт WADA-д гомдол гаргах тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

About Author