Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

erdensuh-1_1_s1tlXmu

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амь насанд нь заналхийлж, айлган сүрдүүлдэг байсан талаар түүний эхнэр хэвлэлд ярилцлага өгч эл хэрэг олон нийтэд ил болсон. 

Улмаар Б.Эрдэнэсүхийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорт хэргийг шилжүүлсэн. 

Тэгвэл уг хэргийг прокурор шалгаж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Б.Эрдэнэсүх нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөө ашиглах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа гэр бүлийн хамаарал бүхий хүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулж, мөрдөн мөшгөсөн хэрэгт  Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэг (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх), Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мөрдөж мөшгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

About Author