А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35.4 хувиар буурсан
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах ажлынхаа тайланг нийтэлжээ.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд халаалт бүрэн зогсож буйтай холбогдуулан энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн бодитой ажлуудын үр дүнг товч сийрүүлье. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрээр нь гэр хороолол /171,976/ 55,6 хувь, автомашин /804’656/ 28,9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15,5 хувь эзэлж байна. (Жайка-н ялгарлын инвенторын тайлан, 2022).
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд 333,385 тн хагас коксон шахмал түлш, 69,810 тн мидлингэн /сайжруулсан/ шахмал түлш нийлүүлж, Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 4651 айл өрхийг хийн халаалтад шилжүүлэх ажлын хүрээнд 3,950 өрхийн гэр болон байшин сууцыг бүрэн дулаалж, хийн халаалтад шилжүүлсэн.
Ингэснээр өмнөх онуудтай харьцуулахад агаарын бохирдол:
2025 оны 11 дүгээр сарын цаг уурын үзүүлэлтийг сүүлийн 3 жилтэй харьцуулахад 1.3˚С-ээр хүйтэн, 0.5 м/с-ээр их салхитай, 0.5 мм-ээр их хур тунадас орсон, агаарын бохирдол 16.8 хувиар,
2025 оны 12 дугаар сард 1.6˚С-ээр дулаан, ижил хэмжээнд салхитай, 0.1 мм-ээр их хур тунадас орсон, агаарын бохирдол 26.6 хувиар
2026 оны 1 дүгээр сард 1.0˚С-ээр хүйтэн, салхины хурд ижил түвшинд, 0.6 мм-ээр их хур тунадас орсон, агаарын бохирдол 30.4 хувиар,
2026 оны 02 дугаар сард 2.0˚С-ээр хүйтэн, 0.2 м/с-ээр бага салхитай, 0.4 мм-ээр бага хур тунадас орсон, агаарын бохирдол 30.4 хувиар,
2026 оны 03 дугаар сард 0.3˚С-ээр дулаан, 0.1 м/с-ээр бага салхитай, 6 мм-ээр бага хур тунадас орсон, агаарын бохирдол 35.4 хувиар тус тус буурсан.
Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд энэ жил олон ажлуудыг эхлүүлж бодит үр дүн үзүүлээд байна. Тус ажлуудаас бодит үр дүн үзүүлсэн хэмээн үзсэн 2 ажлыг онцлон тайландаа дурдав. Зоригтой эхлүүлж, хэл ам улс төржилтийн дундуур туучсан энэ ажил үргэлжлэн үр дүнгээ өгч нийслэл хотын агаарын бохирдол буурах ёстой. Нийгмийн бодлого, ногоон хөгжил, агаар орчин хариуцан ажиллах дараагийн багт амжилт хүсье” гэв.