Хүмүүсийн шүүмжлэлээс айхгүй RFID чипийг суурилуулна
Албаныхан дөрвөн сарын өмнө автомашинд чип суулгахад хоёр жилийн хугацаанд 13 тэрбум төгрөгийг зарцуулна гэж мэдээлж байв. Энэ ажил яг хэдийнээс хэрэгжих нь тодорхойгүй байсан юм. Автомашин дээр наах tag /шошго/-ны асуудлаар холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр /2023.06.20/ мэдээлэл өгөхдөө “Ирэх долдугаар сарын 5-н гэхэд эхний 50 мянган цахим гэрчилгээ Улаанбаатар хотод ирж, хотын 100 цэгээр жолооч нарт олгож эхэлнэ” гэдгийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны IV хурал дээр онцлов.
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ RFID нэвтрүүлэх ажлын хүрээнд нийслэлд авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд 442,477 ширхэг цахим гэрчилгээг суурилуулах ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулжээ.
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА О.ЧИНЗОРИГ:
-Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоог байгуулах ажлыг хийж байна. Улаанбаатар хотын зам тээвэртэй холбоотой байгууллагууд цахим шилжилт хийж, зам дээр ухаалаг төхөөрөмжүүдийг байршуулж, хяналт зохион байгуулалтыг олон улсын түвшинд гаргах зорилтыг тавьж буй. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлэх ажлыг хийхдээ зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоог байгуулах шаардлагатай. Бусад мэдэээллийн системүүдийг холбож, найман бүрэлдэхүүн системтэй ажиллана. Цахим гэрчилгээг худалдаж авах ажиллагаанд тодорхой хэмжээний хугацаа шаардсан. Ямар ч байсан гүйцэтгэгч компани шалгарсан. Ирэх долдугаар сарын 5-н гэхэд эхний 50 мянган цахим гэрчилгээ Улаанбаатар хотод ирж, хотын 100 цэгээр жолооч нарт олгож эхэлнэ. Нэг ширхэг тагийг 6790 төгрөг буюу одоогийн цаасан гэрчилгээний үнээс хэтрүүлэхгүй баталж өгсөн.
Анх замын хөдөлгөөнд оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргаснаас 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталсан байдаг. Тодруулбал, НЗДТГ-ын хөрөнгөөс гурван тэрбум төгрөг, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан гэдгийг албаныхан онцолж байв.
Гэвч зарим мэргэжлийн судлаачид RFID бол маш эртний технологи. Пассив RFID tag /шошго/ нь автомашиныг зайнаас бүртгэх нь маш олон сул талтай. Хэрэглэгчийг тагнах бололцоог бий болгох эрсдэлтэй гэдгийг сануулсан боловч үгүйсгэсэн хариултыг өгч байгаа юм.
Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар энэ тухай ярихдаа “Энэ ажил зогсохгүй. Эцэст нь хүргэж дуусгах ёстой. Хэрэв энэ ажлыг дуусгаж чадахгүй бол бүх мэдээлэл худал, хяналт зохицуулалт хийх боломжгүй болно. Он гараад энэ ажилд 5.5 тэрбум төгрөгийн төсөв хэрэгтэй байгаа. Одоо бол гол ажлаа хийчихсэн. Энэ зун Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй нийт автомашинуудад таг чипээ суурилуулна. Зарим хүмүүсийн эсэргүүцэл, санал бодол, шүүмжлэлийг үл харгалзан энэ ажлыг үргэлжлүүлнэ” гэв.
“ТҮГЖРЭЛИЙН ТӨСӨВ ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ”
УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Ж.СҮХБААТАР:
-Түгжрэлийг бууруулах гэдэг ойлголтыг аль хүрээнд авч үзэх вэ. Монгол Улс ядуурлаа бууруулахын тулд хэдий хэмжээний зардал гаргах вэ гэдгийг тооцоолох хүндрэлтэй. Эдийн засгийн хөгжилтэй холбоотой асуудал. Тэгэхээр түгжрэл бууруулна гэдэг хотын хөгжилтэй холбоотой асуудал. Замын тодорхой бүсүүдэд түгжрэлийг бууруулна гэж ярих өөр асуудал. Өнгөрсөн жил түгжрэлийг бууруулахад 420 тэрбумыг улсын төсөвт суулгаагүй, нийслэлийн орлогыг нийслэлийн төсөвт нь үлдээсэн. Түүнээс 270 тэрбум орчмыг нийслэл өнгөрсөн онд зарцуулсан байна. Гол зарцуулалт болох 90 гаруй тэрбум нь сургууль, цэцэрлэг, 72 тэрбум нь газар чөлөөлөлт, 70 тэрбум нь улаан автобусанд, хашаа хайс буулгах, зам гүүрний ажлыг эхлүүлэхэд 48 тэрбум зарцуулжээ.
Өнгөрсөн оны эхлүүлсэн зам гүүрний ажлын үргэлжилсэн санхүүжилтийн мөнгөнөөс 2023 онд 420 тэрбумыг үндсэнд нь хасчээ. Энэ дутагдлыг нөхөх 187 тэрбум төгрөгийг холбоос зам барихаар улсын төсвийн тодотголд нийслэлийн орлогод үлдээх шийдэл гаргасан. Өнгөрсөн жилийн дутагдлыг нөхөж орж ирсэн. Тиймээс 420 тэрбум төгрөг дээр нэмээд 187 тэрбум нэмэгдээд байгаа гэдэг нь ташаа ойлголт юм. Түгжрэлийн төсөв гэж огт байхгүй гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын ажлаа аваад нэн тэргүүнд Нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарсан. Үүний үр дүнд 2023 ондоо багтаан Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 90 хүртэлх хувьд хийхээр ажиллаж байна. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус орж ирсэн. Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн дараагийн 20 автобус өчигдөр үйлдвэрээс ачигджээ. Монголд долдугаар сарын эхээр орж ирэхээр төлөвлөж байгааг дуулгалаа.
- Арваннэгдүгээр сарын 1 гэхэд Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн Евро 5 стандартын 600, бага оврын 50, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан 150 автобус нийлслэлийнхэнд үйлчилнэ.
- Улаанбаатар хотын замуудыг тойрог байдлаар холбох “Шинэ тойрог зам” баригдахаар зураг төсөл нь гарч, эхний шатны ажлууд хийж байна.
- Замын хөдөлгөөний зохион байгуулалт дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ирэх намрын чуулганаар батлуулахаар ажиллана.
- Улаанбаатар хот 15 дагуул хоттой байхаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 дагуул хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг НИТХ-аар батлуулаад байна.