Туул, Тэрэлж голын усны түвшин олон жилийн дунджаас бага байна
Монгол орны томоохон гол, мөрний усны түвшин энэ сарын эхний 10 хоногийн байдлаар аажим татарсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр хайлсан цас, мөсний нөлөөгөөр зарим голын урсац үе үе нэмэгдэж буй ч ихэнх нутагт олон жилийн дунджаас доогуур түвшинд хүрчээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авдаг Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бэлтэс, Бүгсий, Шишгэд зэрэг голын усны түвшин сүүлийн 10 хоногт тогтмол буурсан аж. Эдгээр голын усны түвшин өмнөх оны мөн үеийнх болон олон жилийн дундажтай харьцуулахад 5-55 см-ээр бага байгаа юм. Харин Дэлгэрмөрөн болон Үүр голын хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-55 см-ээр ахиу устай байна. Мөн Хэнтийн нуруунаас эх авдаг Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ зэрэг гол өнгөрсөн 10 хоногт 5-25 см-ээр татарчээ. Энэ нь олон жилийн дунджаас 10-40 см-ээр багассан үзүүлэлт юм. Харин Орхон голын хувьд усны түвшний хэлбэлзэл багатай ч олон жилийн дунджаас 5-35 см-ээр бага байна. Гол, мөрний усны түвшин ийнхүү доошилсон нь бүс нутгийн хэмжээнд хур тунадас орох нь багасаж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ууршилт эрчимжсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлав.